Хэвлэн нийтлэл / Цахим сургалт
Хүнсний ногооны тариалалтад хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх – онлайн сургалтууд
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана” гэсэн зорилтын хүрээнд сүүлийн жилүүдэд дотооддоо гол нэрийн хүнсний ногоог түлхүү тариалж байна. Тухайлбал өнгөрөгч 2020 онд улсын хэмжээнд нийт 9,7 мянган га талбайд хүнсний ногоо тариалж, 113,5 мянган тн ургац хурааж авсан бөгөөд энэ нь дотоодын хэрэгцээний 44,6% хувьтай тэнцэж байна. Өнгөрсөн жилийн тухайд дотоодын хэрэгцээг хангах хувь хэмжээ нь таримал тус бүр дээр харилцан адилгүй байгаа бөгөөд шар манжин, шар лууван, хүрэн манжингийн хэрэгцээгээ 100% хангасан бол хэмх, лооль, байцаа, сонгино, сармисийн тухайд 2-60% хүртэл хэрэгцээгээ хангажээ.
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төсөл” нь ХХААХҮЯ-ны үйл ажиллагааг дэмжин ажиллах зорилго, чиглэлийн дагуу тариаланчид, хүнсний ногоочид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт, мэдээллийн олон талт ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр дэлхий нийтэд нүүрлээд байгаа цар тахалтай холбоотойгоор бид анх төлөвлөж байсан сургалт, семинаруудаа онлайн форматад оруулаад байна. Ийнхүү манай төслөөс дараахь онлайн сургалтуудыг бэлдэн Та бүхэнд хүргэж байгааг хүлээн авна уу.
“Хөдөө аж ахуйн салбарын цахимжуулалт ба ухаалаг газар тариалан” цахим танилцах аялал
Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн салбарын дижитал шилжилт, ухаалаг газар тариалангийн инноваци зэрэг сэдвүүд нь салбарын мэргэжилтнүүдийн төдийгүй олон нийтийн анхаарлыг ихээхэн татах болжээ. Хүрээлэн буй орчинд ээлтэй, нөөцийг хэмнэсэн хөгжлийн энэхүү шинэ чиг хандлага нь одоогоор практикт төдийлөн өргөнөөр ашиглагдаж эхлээгүй байгаа шалтгаан нь технологийн шилжилтийг хийхэд техникийн түвшинд олон арван шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай байгаагаас гадна хөдөө аж ахуй, газар тариалангийн компаниудад дээрх өөрчлөлтийг хүлээн авахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй байгаа юм.
Монголын тариаланчид, аж ахуйн нэгжүүдийн хувьд цахим шилжилт, ухаалаг газар тариалан зэрэг сэдвүүд нь өнөөдөртөө хол сонсогдож байгаа хэдий ч бид бүгдээрээ цахим хөгжлийн шинэ эрин зуунд ирээдүйн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхана гэдэг нь гарцаагүй юм. Иймд Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь “Хөдөө аж ахуйн салбарын цахимжуулалт ба ухаалаг газар тариалан” сэдвийг сонгон, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд, салбарын эрдэмтэн судлаачдад зориулан газар тариалангийн инноваци, хөгжлийн шинэ чиг хандлагын талаар цуврал илтгэл, ярилцлага, мэдээ мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
“Газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл дэх сургалт нэвтрүүлэлтийн хэрэгцээ шаардлага”
Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхижуулах чиглэлээр ХХААХҮЯ болон ХААҮШУОНТ-ийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг билээ. Тухайлбал, манай төслөөс ХААҮШУОНТ-тэй хамтран аймгууд дах сургалт, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд болон агрономчдын ур чадварыг сайжруулах танхимын ба талбайн цуврал сургалтыг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж байна. Тус сургалтын гарын авлага болгож “Сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй, тэргүүн туршлага” цахим багц боловсруулаад байна. Энэхүү цахим багц нь “Нэвтрүүлэх үйлчилгээний аргачлал, тэргүүн туршлага” гарын авлага мөн Газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл дэх сургалт нэвтрүүлэлтийн хэрэгцээ шаардлагын талаар салбарын мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагуудаас бүрдэж байна.
Энэхүү ярилцлагад тариаланчид, мэргэжлийн холбоод, боловсруулах үйлдвэр, салбарын Яам, ХААИС зэрэг байгууллагуудын төлөөллүүд оролцож нэвтрүүлэх үйлчилгээний хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд, цаашдын чиг хандлагын талаар тал бүрийн сонирхолтой байр суурийг илэрхийлжээ.