Хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ
Хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ нь Монгол орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын цаашдын хөгжилд улам бүр чухал байр суурийг эзлэх нь тодорхой байна. Хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээний системийг
- Орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх;
- Хөдөө аж ахуйн бүхий л салбарт тогтвортой технологийг нэвтрүүлэх;
- УА-ийн өөрчлөлтөд дасан зохицсон тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх;
- Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжих;
- Шинэ технологи, инновац нэвтрүүлэх;
замаар цогцоор нь хөгжүүлэх нь Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.
Монгол улсын Засгийн газраас баримталж буй хөдөө аж ахуйн бодлого нь:
- Хүн амын хүнсний хангамжийг тогтвортойгоор нэмэгдүүлэх;
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг сайжруулах;
- Байгалийн нөөцийг тогтвортойгоор хамгаалахад чиглэгдэж байна.
Орчин үеийн дэвшилтэт технологи, ухаалаг техник, ургамал хамгааллын бодис, үр, бордоо, шатахууны нөөцийг үр ашигтайгаар зарцуулсанаар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж болон тогтвортой байдлыг нэмэгдүүлэх боломжтой. Энэхүү тогтвортой хөгжил нь гагцхүү оролцогч талуудын (зөвлөх үйлчилгээний компаниуд, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, боловсруулах үйлдвэрүүд, борлуулалтын компаниуд болон үйлдвэрлэгчид) хооронд мэдлэгийг хэрхэн тасралтгүй, үр дүнтэйгээр дамжуулж байгаагаас шалтгаална.
ХБНГУ-д зөвлөх үйлчилгээ нь сүүлийн хэдэн арван жилийн турш хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд гол хөдөлгүүр нь болтлоо хөгжиж иржээ. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт арга технологиудыг эзэмшсэн, чадварлаг зөвлөхүүд нь тухайн тариалангийн аж ахуйн онцлогт тохирсон заавар зөвлөмжүүдийг өгч, тогтмол хамтран ажилладаг байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн үр ашгийг мэдэгдэхүйц нэмэгдүүлээд байна.
Харин Монгол улсын хувьд хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ нь харьцангүй шинэ салбар бөгөөд хөгжлийнхөө дөнгөж эхний үе шатанд байна. Иймд Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь хувийн болон төрийн зөвлөх үйлчилгээний байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхэд дэмжин ажиллаж байна. Энэхүү тэргүүлэх чиглэлийн хүрээнд зөвлөх үйлчилгээний байгууллагуудыг мэргэжлийн болон институцийнх нь хувьд чадавхжуулах, зөвлөхүүдийн мэргэжил, аргазүйг сайжруулах асуудлыг түлхүү анхааран ажиллаж байна. Улмаар тариалангийн аж ахуйн нэгжүүдэд практик зөвлөгөөгөөр дамжуулан зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг ойлгуулах, таниулах ажлыг зохион байгуулж ажиллана.