шинэ мэдээлэл:
Бүгд Найрамдах Казахстан улс, Монгол улс үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлийн талаар санал солилцлоо.
2024 оны наймдугаар сарын 13-20-ний өдрүүдэд Монголын хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд Казахстаны Алматы хотод ажиллаа. Энэхүү танилцах аялал нь ХБНГУ-ын Холбооны хүнс, хөдөө аж ахуйн яам санхүүжүүлж, ГФА Консалтинг групп захиалгаар ИАК Аграр Консалтинг ХХК-ийн хэрэгжүүлж буй Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн нэг хэсэг юм.
Далайд гарцгүй, шууд хөршийн хувьд манай хоёр улс эх газрын уур амьсгалтай ижил төстэй байгалийн нөхцөлтэй. Хуурай нөхцөл байдлаас шалтгаалан хойд Казахстаны тал хээрийн бүс нутагт газар тариалан өргөн хүрээнд явагддаг тул манай газар тариалантай харьцуулах боломжтой. Казахстаны өмнөд хэсэг нь илүү зөөлөн уур амьсгалтай тул гадаа талбайд болон хүлэмжинд тариалдаг хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалахад тохиромжтой. Аяллын гол зорилго нь Казахстаны өмнөд хэсгийн үр тариа, хүнсний ногооны тариалалт, борлуулалтын үйл явцтай танилцах, тус улсын газар тариалангийн салбарын хөгжил дэвшил, тэргүүн туршлагатай танилцах, харилцан санал солилцох мөн хоёр улсын хооронд хөдөө аж ахуйн туршлага солилцох байлаа.
Бүгд Найрамдах Казахстан улсын Үндэсний хөдөө аж ахуйн академи, Монголын тариаланчдын үндэсний холбоо хооронд хөдөө аж ахуйн судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хоёр талын санамж бичигт гарын үсэг зурсан нь онцлох үйл явдал байлаа. Хөдөө аж ахуйн тодорхой салбарт мэдлэг солилцох, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой хоёр хэлэлцээрийг мөн хэлэлцлээ.
Энэхүү аялалд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Х.Кенжегүл, Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн судлаач С.Батболд, Монголын тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Л.Баяртулга, тус холбооны гүйцэтгэх захирал Д.Өнөржаргал, Ховд аймгийн “Эх булаг” ногоочдын холбооны гишүүн Т.Эрдэнэцэцэг нар аялалын багт хамрагдлаа. Энэхүү аялал нь Казахстан улсын хөдөө аж ахуйн туршлагаас суралцсан, мөн дотоодын хөдөө аж ахуйгаа сайжруулах шинэ арга барилыг нэвтрүүлэхэд тус болох үнэ цэнтэй аялал байлаа.