шинэ мэдээлэл:
Эрсдлийн менежмент буюу ХАА үйлдвэрлэл эрхлэгчдийн эрсдлийг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээ
Сүүлийн хэдэн долоо хоногт Германы ихэнх нутаг дэвсгэрийг хамарсан их халалт нь ургацад сөргөөр нөлөөлж, ой хээрийн түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлж байна. Тухайн нутаг орны газар зүйн байршил, цаг уурын нөхцөл байдлаас хамааран учирсан хохиролын хэмжээ нь харилцан адилгүй боловч, Холбооны улсын хэмжээнд томоохон хохирол амсах дүр зураг хэдийнээ гараад байна.
ХАА, ойн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэдэг нь шинэ үзэгдэл биш юм. Бүтээгдэхүүний болон зах зээлийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалсан эрсдлийг даван туулах нь тухайн үйлдвэрлэл эрхлэгчийн өөрийн хариуцлагын асуудал байдаг. Эдгээр эрсдлийг даван туулахад олон төрлийн арга механизм, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтой. Энд ганц тариалангийн аж ахуйн нэгжүүдээс гадна салбарын бусад үйлдвэрлэгчид, тоглогчид тариалангийн салбарын эрсдлийг бууруулахад чиглэгдсэн тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, нэвтрүүлэх шаардлагатай юм. Тухайлбал:
- Уур амьсгалын өөрчлөлтөд тохирсон тариалалтын технологи нэвтрүүлэх: Хөдөө аж ахуйн зохистой дадлын хүрээнд цаг агаарын аюулт үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулахад чиглэгдсэн олон боломжууд байдаг. Тухайлбал: таримлын зохистой сэлгээг мөрдөх, талбайдаа сүрлэн хучмал хийх, шинэ таримлын төрлүүдийг сэлгээнд оруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар өндөртэй сортыг тариалах зэргийг нэрлэж болно. Мөн селекцчидийн хувьд шинэ, дасан зохицох чадвар сайтай сортуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага үүсч байна. Хохиролын хэмжээг багасгах зорилгоор усалгааны системийг нэмэгдүүлэх, талбайд мөндрөөс хамгаалсан тор татах зэрэг арга техникүүд байдаг.
- Төрөлжүүлэх: Ургац алдах, малын халдварт өвчин тархах, үнийн хямралд өртөх зэрэг эрсдлүүд нэг цаг хугацаанд тохиолдох бараг боломжгүй юм. Тиймээс олон төрлөөр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хувьд эрсдлийг дотооддоо нөхөх боломжтой. Харин Герман улсын хувьд ихэнх томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зөвхөн нэг чиглэлээр дагнан явуулах чиг хандлага ажиглагдаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зөвхөн нэг чиглэлээр дагнан явуулснаар нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх зардлаа бууруулах боломжтой боловч үнийн болон ургацын хэлбэлзэлд өртөж, томоохон эрсдэл үүрэх магадлал хамгийн өндөр байдаг. Иймд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааныхаа чиглэлийг төрөлжүүлээд зогсохгүй, таримлын төрлийг ч нэмэгдүүлэх нь зүйтэй юм. Таримлын төрлийг нэмэгдүүлснээр биологийн олон янз байдлыг хамгаалж үлдэх давуу талтайгаас гадна, эрсдлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
- Нөөц бүрдүүлэх: Нөөц бүрдүүлэх нь эрсдлээс хамгаалсан чухал арга хэрэгсэл юм. Тиймээс ургац сайтай, бүтээгдэхүүний борлуулалт сайтай жилүүдэд аж ахуйн нэгж нь тодорхой хэмжээний төсөв хөрөнгийг нөөцийн санд тогтмол хуримтлуулах нь чухал юм.
- Даатгал: Даатгал нь ямарваа нэгэн эрсдлээс хамгаалах зорилготой хувийн хэвшлийн зүгээс санал болгож буй арга механизм юм. Германы ХАА-н салбарт олон даатгалын компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээний өргөн сонголттойгоор үйл ажиллагаа явуулж байна.