шинэ мэдээлэл:
Үр тариа, үрийн төмсний үржүүлгийн талбайд хянан баталгаа хийх арга зүйн сургалт
Үр үйлдвэрлэлийн чанарын хяналт, баталгаажуулалтад талбайн хянан баталгаа чухал үүрэгтэй. Монгол оронд талбайн хянан баталгаа нь Таримал ургамлын үр, сортын тухай хуулинд заасны дагуу ХХААХҮЯ-ны чиг үүрэгт хамаарах бөгөөд орон нутагт УГТХ, ХААИС, аймгуудын ХХААГ-ын мэргэжилтнүүд хянан баталгааг гүйцэтгэдэг. ХХААХҮЯ-ны бүтцийн өөрчлөлт, МХЕГ-ын хариуцаж байсан зарим чиг үүрэг салбарын яаманд шилжсэнтэй холбоотойгоор боловсон хүчний бүтцэд өөрчлөлт гарснаас шалтгаалж хянан батлагчдыг сургаж, мэргэшүүлэх хэрэгцээ ихэссэн.
ХХААХҮЯ, УГТХ-ийн хүсэлтээр “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс тус хүрээлэнд 2024 оны 8-р сарын 1-3-ны өдрүүдэд “Үр тариа, үрийн төмсний үржүүлгийн талбайд хянан баталгаа хийх арга зүй” сургалтыг олон улсын зөвлөх В.Тийлтэй хамтран зохион байгууллаа. Сургалтанд ХХААХҮЯ, УГТХ болон Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд оролцлоо. Сургалтын онолын хэсэгт Герман улс дахь үрийн эрх зүйн зохицуулалт, үр итгэмжлэх байгууллагууд, үйл явцын талаар оролцогчдод мэдээлэл өгч, үр тарианы үрийн тариалан, үрийн төмсний үржүүлгийн талбайд хянан баталгаа хийх аргачлалыг дэлгэрэнгүй танилцууллаа.
Төслийн түнш байгууллагуудыг төлөөлж УГТХ-ээс доктор Х.Нямгэрэл төмсний сортуудын ялгах шинж тэмдгүүдийн талаар, ХХААХҮЯ-наас ахлах мэргэжилтэн Д.Цэрэндулам “Хариуцлагатай газар тариалан” сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Талбайн сургалтаар буудай, арвайн үрийн тариалан, үрийн төмсний үржүүлгийн талбайд сорт тодорхойлох, хольц илрүүлэх, хянан баталгаанд хамааралтай таримлын өвчин илрүүлэх, тодорхойлох дасгал ажлууд гүйцэтгэлээ.