Хэвлэн нийтлэл / Судалгаа
"Тариалангийн салбарын хөгжлийг дэмжих төрийн бодлогын эдийн засгийн хөшүүргийн судалгаа"
Хүн амыг хүнсээр, мал сүргийг тэжээлээр, боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангадаг эдийн засгийн нэн чухал салбар – газар тариалангийн үйлдвэрлэлийн хөгжилд төрөөс багагүй дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Иймд энэхүү чухал салбарын хөгжлийг төрийн зүгээс дэмжиж ирсэн бодлого, эрх зүйн орчин, нөлөөллийн өнөөгийн байдлыг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх, бодлого боловсруулагчид болон шийдвэр гаргагчдад зохих зөвлөмж санал болгох нь чухал ач холбогдолтой юм. Энэхүү бодит эрэлт хэрэгцээг харгалзан “Тариалангийн салбарын хөгжлийг дэмжих төрийн бодлогын эдийн засгийн хөшүүргийн судалгаа” -г төслийн гэрээт зөвлөх хийж гүйцэтгэлээ. Уг судалгааны зорилго нь тариалангийн хөгжлийг дэмжих дэмжлэгийн макро болон микро эдийн засгийн орчинд үнэлгээ хийж, төрийн дэмжлэг, урамшууллын бодлогыг сайжруулах чиглэлээр зөвлөмж боловсруулах явдал байсан бөгөөд зорилгодоо хүрч тариалангийн салбарын хөгжлийг дэмжих төрийн бодлогын эдийн засгийн хөшүүргийн өнөөгийн байдлын талаарх үнэлэлт, дүгнэлт болон цаашид сайжруулах зөвлөмжүүдийг хөдөө аж ахуйн, түүний дотор газар тариалангийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид албан ажилдаа хэрэглэх боломжтой гэж үзэв. Судалгааны ажлын тайлан нь үндсэн дөрвөн бүлэг, хавсралт хэсгээс бүрдсэн байна. Нэгдүгээр бүлэгт судалгааны ажлын үндэслэл, хамрах хүрээ, арга зүйн талаар; хоёрдугаар бүлэгт тариалангийн салбарыг дэмжих төрийн бодлого, эрх зүйн орчны шинжилгээг; гуравдугаар бүлэгт тариалангийн салбарыг дэмжих эдийн засгийн хөшүүргийн өнөөгийн байдлын шинжилгээг; дөрөвдүгээр бүлэгт эдийн засгийн хөшүүргийг сайжруулах бодлогын зөвлөмж, үр дүнгийн талаар тус тус тусгасан болно. Хавсралт хэсэгт асуулгын судалгааны хуудасны загвар болон асуулгад оролцогчдын бүрэлдэхүүний талаарх мэдээллийг орууллаа.
"Хөдөө аж ахуйн салбарын эрсдэлийн менежмент – Тариаланчдад зориулсан хялбаршуулсан заавар"
“Тариаланчид өөрийн аж ахуйнхаа ирээдүйд үргэлж санаа тавьж, аж ахуйг нь дампуурах хэмжээнд хүргэж болзошгүй эрсдэлүүдийг аль болох багасгахыг хичээж байдаг. Иймд тариаланч нь өөрийн аж ахуйн эрсдэлийг мэддэг, түүнийг зөвөөр үнэлж чаддаг байх нь чухал юм. Эрсдэлээ зөв таньж мэдэх, зөв үнэлэх гэдэг нь өнөө цагт улам бүр хэцүү болжээ. Учир нь хөдөө аж ахуйн эрсдлийн менежментийн асуудал нь улам бүр нарийн төвөгтэй болж, тариаланчдын хувьд томоохон сорилтыг бий болгож байна.” (Хөдөө аж ахуйн салбарын эрсдэлийн менежмент, M. Frentrup, M. Heyder, L. Theuvsen / ХАА-н Rentenbank )
Монголын тариаланчид аж ахуйн нэгжийн дотоод эрсдэлүүдэд төдийлөн анхаарал хандуулахгүй иржээ. Иймд манай төслөөс өнгөрсөн хугацаанд тариалалттай холбоотой эрсдэлүүдийг бууруулах чиглэлээр түлхүү анхаарч, тариалангийн даатгалын тогтолцоог бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тариалалтын технологи зэрэг сэдвүүдээр хурал зөвлөгөөн, сургалт, семинар, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж ирсэн. Мөн “Монгол орны хүнсний ногооны үйлдвэрлэлийн эрсдэлийн удирдлага” судалгааг хийж гүйцэтгэв.
Энэ удаад манай төслөөс боловсруулсан энэхүү зааварт эрсдэлийн менежментийн цогц стратегийг эрсдэлийг олж тогтоох, үнэлэх, удирдах, хянах гэсэн үндсэн дөрвөн процессийн хүрээнд хялбаршуулсан байдлаар тайлбарласан болно. Энэхүү хялбаршуулсан зааврыг тариалангийн аж ахуйн удирдлага, менежерүүд болон ХААИС-ийн багш, оюутнуудад зориулан боловсруулав. Салбарын мэргэжилтнүүд тариалангийн аж ахуйн эрсдэлийн менежмент, аж ахуйн түвшний эдийн засгийн эрсдэл зэрэг сэдвийг цаашид түлхүү анхаарч ажиллах нь чухал юм.
"Монгол орны хүнсний ногооны үйлдвэрлэлийн эрсдэлийн удирдлага – боломж, бэрхшээлүүд"
Монгол Улсын Засгийн газар нь 2017 оноос “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөр нь өрхийн тариалан эрхлэгч болон хүнсний ногооны төрөлжсөн аж ахуйн нэгж, хоршоог дэмжих замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээгээ жилийн турш тогтвортой хангах зорилготой юм. Мөн сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн зан төлөв өөрчлөгдөж, ард иргэдийн дунд хүнсний ногооны хэрэглээ жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа хэдий ч хүнсний ногооны тариалалт дотоодын хэрэгцээгээ дөнгөж 50 хувь хангаж, зах зээл дээр БНХАУ-ын импортын ногоо голлосон хэвээр байна.
Хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд гадаад болон дотоод хүчин зүйлсээс шалтгаалах эрсдэлүүдийг зөв таньж, тооцоолж, үнэлэх нь чухал юм. Иймд Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь 2020 оны 06-аас 10 дугаар саруудын хооронд Монгол улсын хүнсний ногооны салбар дахь үйлдвэрлэлийн болон зах зээлийн эрсдэлийг үнэлэх судалгааг “Шилжилтийн эдийн засагтай орнуудын хөдөө аж ахуйн хөгжлийн хүрээлэнтэй (IAMO)” хамтран хийж гүйцэтгэлээ. Тус судалгаанд тариалангийн голлох бүс нутгуудаас хүнсний ногоо тариалдаг 300 гаруй ногоочдыг хамруулж, эрсдэлийн үнэлгээг хийлээ. Энэхүү судалгааг цаашид хүнсний ногооны салбарын холбогдох баримт бичиг боловсруулах, тогтоол, шийдвэрүүдийг гаргахад мэдээллийн бааз хэлбэрээр ашиглах боломжтой юм.
"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан"
Монгол оронд жилээс жилд өсөн нэмэгдэж буй малын тоо толгойноос ялгарах хүлэмжийн хий нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлүүдийн нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлт нь уламжлалт газар тариалангийн үйлдвэрлэлд ихэвчлэн сөрөг нөлөө үзүүлж байна. Тухайлбал, температур өсөх, хур тунадсын хуваарилалт өөрчлөгдөх, хэт халалт, ган зэрэг байгалийн аюулт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэх зэргийг нэрлэж болно.
Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний хөтөлбөр” болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлийн үйл ажиллагаануудыг тодорхойлжээ.
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд “уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой газар тариалан” сэдэвт судалгааг хийлээ. Энэхүү судалгааны зорилго нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь Монгол орны газар тариалангийн салбарт хэрхэн нөлөөлж байгааг сүүлийн үеийн тоо баримтуудаар нотлох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тариалалтын технoлогийн шийдлүүдийг танилцуулах, улмаар салбарын бодлого боловсруулагчдад сэдэл өгөх, тариаланчид, үйлдвэрлэгчдэд мэдлэг дамжуулахад оршино.
Судалгаанд Монголд улсын газар тариалангийн салбарт шинээр нэвтэрч буй шинжлэх ухааны ололт амжилт, технологи, практик туршлагууд төдийгүй уур амьсгалын хувьд манай оронтой ижил төстэй Казакстан улсын хойд нутаг, ОХУ-ын Сибирийн үр тариа үйлдвэрлэлийн баруун бүсийн туршлагуудыг танилцуулж буйгаараа онцлогтой юм. Тус судалгааг олон улсын болон үндэсний зөвлөх, эрдэмтэд хамтран боловсруулсан бөгөөд агуулгын хувьд дараахь сэдвүүдийг хамруулсан болно. Үүнд:
- Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн дүр зураг, цаашдын төлөв байдал, газар тариалангийн салбарт үзүүлэх нөлөө;
- Монгол оронд голлон тариалагддаг хоёр төрлийн таримлын ургацын урьдчилсан прогноз, ургацын загварчлал боловсруулж, цаашид ургацын хэмжээ хэрхэн өөрчлөгдөхийг тооцож харууллаа;
- Газар тариалангийн салбарын бодлогын баримт бичиг, институцийн орчинд уур амьсгалын өөрчлөлтийн дасан зохицлын асуудал хэрхэн туссан асуудалд үнэлгээ хийж, шийдвэр гаргах түвшинд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж;
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тариалалтын технологийн шийдлүүд, тариалангийн хөрс, ус, шим тэжээлийн бодисын менежмент, хөрс боловсруулалт, үр сорт, үрийн аж ахуй зэрэг болно.
“Монгол улсад тариалангийн индексжүүлсэн даатгал нэвтрүүлэх боломж”
Монгол оронд газар тариалгийн үйлдвэрлэл эрхлэх нь газар зүйн байршил, байгаль цаг уурын онцлогоос шалтгаалаад өндөр эрсдэлтэй байж ирсэн. Ялангуяа сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хур тунадасны хэмжээ, тархалт жил ирэх тусам өөрчлөгдөж байна. Тухайлбал, хамгийн сүүлд 2017 онд Монгол орны газар тариалангийн бүс нутгуудын дийлэнх нь гантай байсны улмаас ургац алдсан бөгөөд гангийн давтамж цаашид ч улам бүр ихсэх төлөвтэй байна. Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн эрсдэлийг бууруулах зорилгоор ХХААХҮЯ, Үндэсний давхар даатгал ХК-аас Монгол орны нөхцөлд тохиромжтой даатгалын бүтээгдэхүүн гаргаж авахаар ажиллаж байна. Монгол улсад амжилттай хэрэгжиж байгаа Малын индексжүүлсэн даатгалыг нэвтрүүлсэн туршлага дээр тулгуурлан Үндэсний давхар даатгал ХК Тариалангийн индексжүүлсэн даатгалыг нэвтрүүлэхээр зорьж байна. ХХААХҮЯ-н дээр 2016 онд Тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс тус ажлын хэсэгт бодлогын болон арга зүйн зөвлөгөө өгч дэмжин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Монгол улсад тариалангийн индексжүүлсэн даатгал нэвтрүүлэх боломж” нэртэй судалгааг олон улсын даатгалын мэргэжилтэн Себастиан Маалертай хамтран гүйцэтгэсэн болно.
"Ургамлын селекци, үр үржүүлгийн зардлын тооцоо"
Монгол улсын дотоодын хэрэгцээг чанар сайтай үр, суулгацаар найдвартай хангаж таримал ургамлын ургац, чанарыг сайжруулах нь чухал ач холбогдолтой юм. Уур амьсгалын эрсдэл өсөн нэмэгдэж байгаа энэ үед газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангахын тулд ургац өгөх өндөр чадамжтай, өвчин болон гадаад орчны тааламжгүй нөхцөлд тэсвэртэй таримал ургамлын шинэ сортыг гарган авах зайлшгүй шаардлага тулгарч байна.
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс төр, хувийн хэвшлийн оролцоо, түншлэл дээр тулгуурласан сорт сорилт, үрийн аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд нэн тэргүүнд шаардагдах тооцоо, судалгаа шинжилгээний үндсийг боловсруулах зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэв. Судалгааны үндсэн зорилго нь Монгол улсад тариалагддаг голлох таримлууд болох улаан буудай, төмсний шинэ сортыг гарган авахад болон үр үржүүлэхэд зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ, үр ашгийг тооцоолоход чиглэгдэнэ.
"Монгол орны үр тарианы таримлын уламжлалт болон сайжруулсан сэлгээ бүхий тариалалтын технологи"
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь газар тариалангийн зориулалтаар ашиглаж буй талбайн хөрс хамгаалал, тогтвортой ашиглалт юм. Төслийн зүгээс өнгөрсөн хугацаанд тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан хөрс боловсруулах дэвшилтэт технологи, таримлын сэлгээ, бордоо болон УХБ-ын зүй зохистой хэрэглээ зэрэг сэдвүүдээр практикт суурилсан сургалт семинарууд зохион байгуулж, тариаланчдын хандлагын өөрчлөх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Бид энэ удаад ХААИС-тай хамтран “Монгол орны үр тарианы таримлын уламжлалт болон сайжруулсан сэлгээ бүхий тариалалтын технологи” сэдэвт судалгааг хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаагаар тариалангийн аж ахуйн нэгжүүд ногоон бордуурт уринш, тэжээлийн таримал, ялангуяа буурцагт ургамлыг сэлгээнд тариалснаар хөрсний үржил шимээ сайжруулаад зогсохгүй, үйлдвэрлэлийн цар хүрээгээ тэлэх боломжтойг харуулахыг зорьсон билээ.
"Малын тэжээлийн зах зээлийн судалгаа"
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлох бодлогын зорилтуудыг шийдвэрлэхэд малын тэжээлийн хангамжийг сайжруулах асуудал чухал байр суурь эзэлдэг бөгөөд дотоодын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын тэжээллэгийг сайжруулах зорилтууд “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого” (2015-2025), “Монгол мал” хөтөлбөр (2010-2021) зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан байдаг байна. Уг зорилтуудын дагуу дотоодын тэжээл үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн цогц арга хэмжээ МУ-ын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан зэргийг үндэслэж Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь Монгол улсад тогтвортой ХАА-н үйлдвэрлэлийг дэмжихэд бодлогын зөвлөгөө өгөх чиг үүргийнхээ хүрээнд энэхүү “Малын тэжээлийн зах зээлийн судалгаа”-г хийж гүйцэтгээд байна. Тус судалгааны зорилго нь тэжээлийн зах зээлийн оролцогч талуудад зах зээлийн өнөөгийн байдал, боломж, чиг хандлагын талаар бодит мэдээлэл өгөх, бодлогын орчныг сайжруулахад чиглэгдсэн болно.
"Монгол улс дахь бордоо, ургамал хамгааллын бодисын нийлүүлэлт, түүний үнэлгээ - зах зээлийн судалгаа"
Монгол орны газар тариалангийн үйлдвэрлэлийн бордоо, ургамал хамгааллын бодисын зах зээлийн санал болгож буй үнэ, нийлүүлэлт, тариаланчдын хэрэглээ, хэрэгцээний талаар бодит мэдээлэл бүрдүүлэх мөн тариаланчдад бордоо, ургамал хамгааллын бодис хэрэглэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилгоор “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс “Монгол орны газар тариалангийн салбар дахь бордоо, ургамал хамгааллын бодисын хэрэглээ, нийлүүлэлт” сэдэвт зах зээлийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааны эхний хэсэгт бордоо, УХБ-ын хэрэглэгч буюу тариалан эрхлэгч ААН, иргэдийн төлөөллөөс санал асуулга авсан бол хоёрдахь хэсэгт импортлогч, борлуулагч, үйлдвэрлэгч болон төрийн байгууллагуудын төлөөллөөс санал асуулга зохион байгууллаа.
Судалгааг бүрэн эхээр нь хавсралтаас уншина уу
“Монгол улсын тариалангийн салбарын өнөөгийн байдал”
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хоёрдугаар үе шатны (2016-2018) үндсэн зорилго нь хөдөө аж ахуйн мэргэжлийн болон бодлогын сэдвүүдээр Монголын талд зөвлөгөө өгөх, судалгаа мэдээллээр хангах, тогтвортой хөдөө аж ахуйг хөхиүлэн дэмжих мөн Германы туршлагад тулгуурлан хөдөө аж ахуйн бодлого, шинжлэх ухаан, эдийн засгийн түвшинд мэдлэг дамжуулах замаар Монгол улсын хөдөө аж ахуйн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байна. Төслийн үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь талуудыг мэргэжлийн чухал мэдээ мэдээлэл, судалгаагаар хангах явдал юм. Энэ ажлын хүрээнд бид “Монгол улсын тариалангийн салбарын өнөөгийн байдал”-ын талаарх суурь судалгааг танилцуулж байна. Энэхүү суурь судалгааг төслийн хамрах үндсэн сэдвүүдийн хүрээнд өнөөгийн нөхцөл байдал, сорилт, бэрхшээлүүд, бодлогын төвшинд дэвшүүлсэн зорилтууд, тэдгээрийн биелэлтэд дүн шинжилгээ хийж, бодлогын ба мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлох зорилгоор гүйцэтгэсэн болно.
Суурь судалгаа зөвхөн герман хэл дээр хийгдсэн болно