Үр тарианы талбайн өдөрлөг
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь Агрокомплекс ХХК-тай хамтран 2015 оны 8 сарын 12-нд Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлалтай Агрокомплекс ХХК-ийн талбай дээр “Талбайн өдөрлөг”-ийг зохион байгуулав.
Тогтвортой Хөдөө аж ахуй төсөл нь ХААИС-тай хамтран Монгол орны хөрс, байгаль цаг уурын нөхцөлд шинэ төрлийн үр тариа, тосны ургамлуудыг турших ажлуудыг хийсээр ирсэн. Энэ ажлынхаа хүрээнд Агрокомплекс ХХК-ийн талбай дээр энэ жил улаанбуудай, рапсын хэд хэдэн сортыг тариалсан бөгөөд ингэхдээ үрийн болон бордоо, ургамал хамгааллын бодисын нормыг олон янзын аргачлалаар туршисан билээ. Мөн өөрийн үндсэн чиглэл болох улаанбуудай, рапсаас гадна сэлгээний зорилгоор Монгол орны нөхцөлд нэн шаардлагатай байдаг зарим нэгэн тэжээлийн тарималуудыг тариалсан.
Улаанбуудайнаас гадна сүүлийн жилүүдэд зах зээлд хамгийн өргөн хэмжээтэй, хүчтэй түрж орж ирж байгаа ургамал бол рапс юм. Гэхдээ тариалагдаж байгаа рапсын сортуудын ургалтын хоног, ургац, сортын нэр, рапсын аль төрөл болох, хүнсний эсвэл техникийн зориулалттай эсэх тал дээр манай тариаланчид мэдээлэл хомс байдаг учир Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь энэ чиглэлээр хийсэн судалгааны ажлынхаа үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг ХААИС-ийн Агробиологийн сургуультай хамтран эрчимтэй хийж гүйцэтгэсээр байгаа билээ.
Энэхүү талбайн өдөрлөг дээр төслийн туршилтын талбайд тариалсан рапсын сортууд, тэдгээрийн технологийн онцлогийг ХААИС-ийн Агробиологийн сургуулийн багш др. дэд проф. Мөнхжаргал оролцогсдод танилцууллаа.
Мөн улаан буудайнд хийсэн бордооны туршилт, хөрсний судалгааг ХААИС-ийн Агробиологийн сургуулийн багш др. дэд проф. Одгэрэл танилцууллаа.
Ургацын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд дан ганц тохиромжтой сорт, техник хэрэгслийг оновчтой сонгох хангалтгүй бөгөөд бордоо, ургамал хамгааллын бодисын зүй зохистой хэрэглээ нь ургацын хэмжээнд шууд нөлөөлж байдаг. Энэ жил төслийн туршилтын талбайд ХБНГУ-ын БАСФ ХХК-ийн хэд хэдэн ургамал хамгааллын бодисын туршилтыг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хийсэн. Энэхүү туршилтын ажлын танилцуулгыг тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга проф. др. Отгонсүрэн хийлээ.