Ажлын хэсгийн уулзалт зохион байгуулагдав

© DMKNL

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд монгол талын хамтрагч байгууллагуудтай үйл ажиллагаагаа нягт уялдуулан, хамтран төлөвлөх, хэрэгжүүлэх нь чухал юм. Тиймч учраас төслийн дэргэд хамтрагч талуудын төлөөлөгчдөөс бүрдсэн албан бус бүтэц болох “Ажлын хэсэг”-ийг байгуулсан билээ.

Ажлын хэсгийн ээлжит уулзалт 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ХХААХҮЯ-нд зохион байгуулагдаж, яамны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ХААИС -ийн болон ХААДД ХК-ийн газар тариалангийн даатгал хариуцсан төлөөлөгчид оролцож, төслөөс 2017 оны эхний хагас жилд хийсэн, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, санал солилцлоо.

Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудаас дурдвал, “Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “Тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл”, “Тариалангийн талбайд мал орсны улмаас болон хууль бусаар хагалсан газрыг нөхөн сэргээх, хохирол тооцох аргачлалын төсөл” боловсруулах ажлын хэсгүүдэд орж ажиллах, таримал ургамлын үр үржүүлэг, үрийн сортын хянан баталгаа сэдвээр агрономчид, судлаачид, аймгуудын мэргэжлийн хяналтын байцаагч нарт зориулсан практикт суурилсан сургалт зохион байгуулах, Таримал ургамлын үр шинэчлэл, чанартай үрээр тариалахын ач холбогдол, хийгдэж буй селекцийн ажлуудын талаар телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, эрчимжсэн МАА-н салбар дахь тэжээлийн үйлдвэрлэл, хэрэгцээ, хангамж сэдэвт судалгаа хийх болон тариалангийн талбайн хөрсний элэгдэл эвдрэл, түүнээс сэргийлэх, хамгаалах, арилгах арга хэмжээ, хөрсний үржил шимийг сайжруулах боломжийн талаар зөвлөмж боловсруулах зэрэг ажлуудыг нэрлэж болно. Түүнчлэн тариалангийн даатгалын олон улсын туршлага, боловсруулж буй хуулийн төсөлд санал, зөвлөмж авах чиглэлээр герман зөвлөхийг ажиллуулахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн уулзалтаар хамтрагч талууд харилцан мэдээлэл солилцож, одоо хийж буй болон цаашид хийх ажлуудын талаар хэлэлцэж, үр дүнтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.

Go back