“Дорнод бүсийн үр тарианы үйлдвэрлэл ба үр сорт” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа
Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс “Дорнод бүсийн үр тарианы үйлдвэрлэл ба үр сорт” сэдэвт талбайн болон танхим хосолсон сургалтыг 2021 оны 08 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Дорнод аймгийн Халхгол суманд ХХААХҮЯ, Дорнод аймгийн ХХААГ, ХАА-н Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, Дорнод бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Энэхүү сургалтад Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо, Гурванзагал, Сэргэлэн, Халхгол сумдын 30 гаруй тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлөөлөл, мөн тус сумдын Хөдөө аж ахуйн Тасгийн мэргэжилтэнүүд оролцлоо.
Сургалтад ХААИС, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор профессорууд уригдан оролцсон бөгөөд аж ахуйн нэгжийн төлөөлөл энэ боломжийг ашиглан сорт сорих, үр үржүүлэг, хөрс, ургамал хамгааллын талаар үйл ажиллагаандаа ашиглах талаар мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхээс гадна тариаланчид өөр хоорондоо туршлага солилцов. Мөн талбайн сургалтын үеэр салбарын яамны төлөөлөл, докторууд ургацын төлөв байдалтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахад хөрсний хаврын нөөц чийг, зуны эхний хагаст орсон тунадас, халалтын хэмжээ, далайц болон тариалалтын технологитой холбоотойгоор өнөөдрийн байдлаар тарианы ургалт, болц, хог ургамалд баригдсан байдлаар дараах хэв шинж бүхий гэж ангилж болохоор байлаа. Үүнд:
I) Хэв шинж. Ногоон тэжээлд хадах, цаг агаарын байдлаас шалтгаалан нэмж ногоон тэжээлд шилжих магадлалтай.
II) Хэв шинж. Мөндөрт цохигдсон талбай. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 200 га талбай ургац алдах, уриншлах, тэжээлд шилжих магадлалтай талбай байлаа.
III) Хэвийн ургалттай тариалан. Хөгжлийн үе шат хэвийн явагдаж байгаа боловч нэг талбайд болцын хувьд олон янз. Сүүн болцын дундаас аарцан болцын төгсгөлийн үе шатанд байгаа тариаг 9 сарын 10-15 гэхэд цаг агаарын байдлаас шалтгаалан хураах аргыг сонгож хураах боломжтой.
Уриншийн боловсруулалтын хувьд ихэнх аж ахуйн нэгжүүд 2-р боловсруулалтаа хийсэн байлаа. Цаашид хог ургамлын ургалт, цаг уурын нөхцлийг харгалзан 3-р боловсруулалт хийх эсэхээ тариаланчид өөрсдөө газар дээр нь шийдэх боломжтой. Дараа жилийн ургацаа бодолцож хэрэв 3 дахь боловсруулалт хийх бол хур тунадасыг хөрсөнд шингээж хуримтлуулах элдэншүүлгийн аргыг сонгож хэрэглэвэл илүү үр дүнтэй байхаар ажиглагдав.