“Экстейншиний арга зүй - сургагч багшийн сургалт”
ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний бүтцийг бэхжүүлэх, бодлого, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор ХХААХҮЯ-наас 2019 онд ХААҮШУОНТ-ийг тус яамны харъяа улсын төсөвт үйлдвэрийн газрын статустайгаар шинэчлэн байгуулж, аймгуудын ХХААГ-т нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан орон тоог сэргээн бий болгосноос гадна “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний тухай хууль”-ийн төслийг 2020 онд багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ. ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний хүний нөөцийн чадавхийг аймгийн төвшинд бэхжүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний сургагч багш бэлтгэх” сургалтыг Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй төсөл”, ХААҮШУОНТ хамтран 2019 оны 10-р сард зохион байгуулж, 12 аймгийн мэргэжилтнүүдийг хамруулсан.
Ач холбогдлыг нь оролцогчид, ХХААХҮЯ болон ХААҮШУОНТ өндрөөр үнэлсэн тус сургалтыг 2020 оны 1-р сард дахин зохион байгуулж, өмнөх сургалтад хамрагдаж амжаагүй Баянхонгор, Говь-Сүмбэр, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын ХХААГ-ын нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн болон ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын хөдөө аж ахуй, ЖДҮ, худалдаа үйлчилгээний бодлого хариуцсан мэргэжилтнүүдийг оролцууллаа. Энэ удаагийн сургалт агуулгын хувьд өмнөх сургалтын адил нэвтрүүлэх үйлчилгээний төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт, арга зүйн сэдвүүдийг хамарсан бөгөөд шинэлэг тал нь сургалтын явцад аймаг бүрээр боловсруулсан нэвтрүүлэх үйлчилгээний ажлын төлөвлөгөөнд ХХААГ-ын хүлээх үүрэг, хариуцлагаас гадна аймгийн ЗДТГ-ын оролцоо, хамтын ажиллагааг тусгаж өгсөн тул бодитоор хэрэгжихэд илүү дөхөмтэй гэж үзэж байна. Сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар болон Европын Холбооны санхүүжилттэй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хамт олонд зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлье.