„Газар тариалангийн зориулалтаар ашиглаж буй хөрсний экологийн үнэлгээ” чиглэлээр хөрсний мэргэжилтэн ирж ажиллалаа
ХААИС, Төв Азийн хөрс судлалын нийгэмлэгийн (ТАХСН) санаачлагаар Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс Германы хөрс судлалын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Проф. Др. Штарыг 2017 оны 06 сарын 16-18 хооронд Монгол Улсад урьж ажиллууллаа. Проф. Др. Штар нь Монгол Улсад ажиллах хугацаандаа монголын хөрс судлаачидтай хөрсний зураглал, газар зүйн бүрхэвчийн судалгааны талаар харилцан туршлага солилцлоо. Төв аймгийн Жаргалант суманд зохион байгуулсан “Газар тариалангийн чиглэлээр ашиглаж буй хөрсний экологийн үнэлгээ” сэдэвт сургалтын үеэр Проф. Др. Штар хөрсний хэв шинжийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хөрсний ангилалын стандартаар тодорхойлох аргазүйг манай хөрс судлаачдад танилцууллаа. Энэхүү талбайн сургалтад ХААИС, Дархан-Уул аймгийн УГТХ, МУИС, ШУА зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудын 30 гаруй хөрс судлаачид, багш мэргэжилтнүүд оролцлоо.
Газар тариалангийн зориулалтаар ашиглаж буй хөрсний экологийн үнэлгээ гэх сэдэв нь манай төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй тохирч байгаа бөгөөд энэ утгаараа бид салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдэд харилцан туршлага солилцох боломжийг олголоо.