“Газар тариалангийн эрсдэлийн үнэлгээ, эрсдэлээс хамгаалах арга замууд” сэдэвт цахим зөвлөгөөн
“Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд эрсдэлийн менежментийг сайжруулах чиглэлээр төрөл бүрийн судалгаа, зөвлөмж боловсруулж, сургалт, мэдээлэл, сурталчилгааны арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирлээ. Үүний үргэлжлэл болгон 2021 оны 12-р сарын 16-нд “Газар тариалангийн эрсдэлийн үнэлгээ, эрсдэлээс хамгаалах арга замууд” сэдэвт зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Зөвлөгөөнд ХХААХҮЯ, ХААИС, МХЕГ, ТХАА төсөл болон ХБНГУ-ын Шилжилтийн эдийн засагтай орнуудын хөдөө аж ахуйн хөгжлийн хүрээлэнгийн судлаач, мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Зөвлөгөөнөөр газар тариалангийн эрсдэлийн үнэлгээний арга зүйг сайжруулах, эрсдэлээс хамгаалах арга, хэрэгслүүдийн хэрэглээг төлөвшүүлэх гэсэн хоёр багц сэдвийг авч хэлэлцлээ. Эхний сэдвийн хүрээнд 2021 онд ХХААХҮЯ ба ТХАА төслийн захиалгаар хийгдсэн газар тариалангийн эрсдэлийн үнэлгээний хүрээнд ХААИС-ийн судлаачдын боловсруулсан үнэлгээний арга зүйг МХЕГ-ын хэрэглэдэг арга зүйтэй харьцуулан хэлэлцэж, сайжруулах, хооронд нь уялдуулах талаар санал солилцлоо. Түүнчлэн эрсдэлийн үнэлгээнд ХАА-н техникийн, эдийн засгийн ба хүний нөөцийн шалгуур үзүүлэлтүүдийг нэмж оруулах нь чухал болохыг, үүнд зайлшгүй ашиглах шаардлагатай гол үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Зөвлөгөөний хоёр дахь багц сэдвийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлд уур амьсгалын хүчин зүйл тооцох, хучлагатай тариалангийн технологи, хүнсний ногооны эрсдэлийн менежмент, эрсдэлийг бууруулахад чиглэсэн аж ахуйн удирдлага, зохион байгуулалт, бодлогын шийдэл ба эдийн засгийн хөшүүргүүд, тариалангийн индексжүүлсэн даатгал зэрэг төрөл бүрийн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт зөвлөмж боловсрууллаа.
Зөвлөгөөнд ХБНГУ-аас ШЭЗОХААХХ-гээс оролцсон доктор И.Бобоёнов, доктор Л.Күүн нар тариалангийн индексжүүлсэн даатгалыг Төв Азийн орнуудад нэвтрүүлж буй туршлагаасаа хуваалцаж, даатгалд хамрагдах шийдвэр гаргахад нь тариаланчдад туслах зорилгоор хөгжүүлсэн FarmPulse аппликейшнээ танилцууллаа. Хэлэлцүүлгийн явцад мөн оролцогчдоос төрөл бүрийн санал, зөвлөмж гарсны дотор хамгийн их дурдагдсан зөвлөмжүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудлыг бодлогын дэмжлэг, эдийн засгийн хөшүүргүүдээр чиглүүлэх, мөн газар тариалангийн бүтээгдэхүүний борлуулалтыг баталгаажуулах, зах төрөөс зах зээлд төрөөс зохицуулалт хийх хэрэгцээ шаардлага багтаж байна.