“Газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь" талбайн сургалт
Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь ХХААХҮЯ-тай хамтран 2022 онд “Газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь" сэдэвт сургалтыг 3 үе шаттай (тариалалтын өмнөх, ургалт үе, хураалтын үе) зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд тариалалтын өмнөх буюу эхний үе шатны сургалтыг тус оны 4 дүгээр сард танхимд суралцах хэлбэрээр Дорнод, Хэнтий аймагт зохион байгуулсан. Хоёрдахь үе шатны сургалтыг 2022 оны 7 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд ХХААХҮЯ, ХХААХҮСХТ, УХХ, Дорнод бүсийн Сургалт, эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн хүрээлэн, Дорнод, Хэнтий аймгийн ХХААГ-тай хамтран зөвлөгөө, мэдээлэл өгөх, харилцан туршлага солилцох хэлбэрээр талбайд зохион байгууллаа.
Сургалтад Дорнод, Хэнтий аймгуудын Хөдөө аж ахуйн тасгийн газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон 90 гаруй ногоочид хамрагдлаа. Сургалтаар ХААЗД-ыг нэвтүүлэхэд төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ болон газар тариалангийн үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлэхийн ач холбогдол, Төрөөс хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ногоочдод олгох мөнгөн урамшуулал, түүний журам, газар тариалангийн нэгдсэн системийн бүртгэл, ургамал хамгаалал, ил талбай, хүлэмжийн ногооны технологит арчилгааны талаар төслийн богино хэмжээний экспертүүд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаа.
Талбайн сургалтыг Дорнод, Хэнтий аймагт ХААЗД нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, нөхөрлөлийн хүнсний ногооны ил талбай, хүлэмжинд мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг өгч, үзүүлэн ашиглан зохион байгуулав. Мөн энэ үеэр ногоочид харилцан туршлага солилцсон нь илүү онцлогтой боллоо. Оролцогчид ургалтын үеийн арчилгаа технологи, ургамал хамгааллын талаар олон чухал зүйлсийг нүдээр харж, өөрсдөө биечлэн оролцсон практик сургалт боллоо хэмээн үнэлсэн юм. Мөн тус сургалтын үеэр ХААЗД-ын баталгаажуулалтад хамрагдах хүсэлт гаргасан 3 аж ахуйн нэгж, 2 иргэнд ХХААХҮЯ, ХХААХҮСХТ-ийн мэргэжилтнүүд анхан шатны бичиг баримтын бүрдүүлэлт хийхэд нь зөвлөн туслаж ажиллаа.