“Газар тариалангийн үйлдвэрлэлд ХААЗД нэвтрүүлэх нь”
Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж байгаа өнөө үед тэдгээрийн хоол хүнсний хангамж, хэрэгцээг шийдвэрлэх хамгийн чухал салбар бол хөдөө аж ахуйн салбар болоод байгаа бөгөөд дэлхийн ихэнхи орон газар тариалангийн үйлдвэрлэлээр энэхүү асуудлыг шийдэж байна. Харин газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн буюу ургацын чанар тоо хэмжээг нэмэгдүүлэхэд Хөдөө аж ахуйн зохистой дадал (ХААЗД) чухал үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрүүл, аюулгүй, шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн зэрэгцээ тариаланчид болон үйлдвэрлэл эрхлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах зорилгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлэх зөвлөмж заавруудыг гарган гишүүн орнуудад хүргүүлсэн.
Монгол Улсын Засгийн газраас хүн амыг дотоодын үйлдвэрлэлийн эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд болон Эрүүл мэндийн Сайд нарын хамтарсан тушаалаар “Жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг батлан гаргасан. Газар тариалангийн үйлдвэрлэлд ХААЗД нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд ХААЗД-ыг нэвтрүүлэх, баталгаажуулах үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар баталгаажуулах эрх авсан байгууллага 1, ХААЗД–ын гэрчилгээ авсан аж ахуй нэгж, иргэдийн тоо 40 гаруй болоод байна.
Тогтвортой хөдөө аж ахуй төсөл нь 2019 оноос эхлэн ХААЗД-ыг орон нутагт нэвтрүүлэхэд ХХААХҮЯ-ыг дэмжин ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн онд хэд хэдэн удаагийн практик сургалтуудыг баруун бүсийн (Завхан, Ховд, Увс, Говь-Алтай) тариаланч, ногоочдод зориулан зохион байгуулсан билээ. Оролцогчдын хэрэгцээ шаардлагын дагуу Зүүн бүсийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан 2022 оны 04 дүгээр сарын 25-29-ны өдрүүдэд “Газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд Дорнод, Хэнтий аймагт тус тус зохион байгууллаа. Сургалтанд Дорнод, Сүхбаатар аймгийн тариалан эрхэлдэг сумдыг төлөөлж 60 гаруй тариаланч, ногоочид, Хэнтий аймгийн 30 гаруй ногоочид нийт 90 гаруй хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.
ХХААХҮЯ, УХХ, ХХААХҮСХТ, Дорнод бүсийн МААГТХ-ийн доктор, мэргэжилтэнүүд сургагч багшаар ажиллаж, оролцогчдод хөдөө аж ахуйн зохистой дадал, түүний баталгаажуулалт, тариалалтын агротехнологи, ургамал хамгаалах цогц аргын талаар заавар зөвлөмжийг хоёр өдрийн турш зааж, өөрсдийн арвин туршлагаасаа хуваалцлаа. Сургалтын үеэр оролцогчдын зүгээс сургалтын хэрэгцээ, шаардлага илүү их байгааг илэрхийлж байсан бөгөөд ялангуяа талбайн сургалтыг тариалалтын дунд үе болон ургац хураалтын үед хийх хүсэлтийг зохион байгуулагч нарт тавьж байлаа.