“Газар тариалангийн салбар дахь лабораторийн шинжилгээний эрх зүйн орчин, технологи-арга зүйн шинэчлэл“

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төсөл хамтран салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор өнгөрсөн жилүүдэд 21 аймгийн ХХААГ-ын газар тариалан хариуцсан мэргэжилтэнүүдэд сургалт, мэдээллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ жилийн “ТАРИАЛАНГИЙН СЭРГЭЛТ 2023” зөвлөгөөний хүрээнд ТХАА төсөл нь салбарын хэрэгцээ шаардлага болон хууль тогтоомжийг сурталчилах ажлын хүрээнд “Газар тариалангийн салбар дахь лабораторийн шинжилгээний эрх зүйн орчин, технологи-арга зүйн шинэчлэл“ сэдэвт сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ХХААХҮЯ-нд зохион байгуулав. Сургалтад ХХААХҮЯ-ны мэргэжилтэнүүд, аймаг, сумын хөдөө аж ахуйн мэргэлжилтэнүүд нийт 50 гаруй оролцогч оролцов.

Сургалтыг танхим, туршлага судлах хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтаар хөдөө аж ахуйн зөвлөх, нэвтрүүлэх чиг үүрэг бүхий аймгуудын агрономич, сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэнүүдэд төрийн болон хувийн хэвшлийн лабораториудын үйл ажиллагааны талаар нэгдсэн цогц мэдээлэл өгөхөд чиглэсэн. Мөн 2021 онд батлагдсан Таримал ургамлын үр сортын тухай хууль, одоо хэлэлцүүлэгдэж байгаа Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай хуулиудад тусгагдсан тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа лабораториудад тавигдах шаардлага, стандарт, мөн орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд төдийгүй аймаг сумдын агрономчид төрийн болон хувийн хэвшлийн лабораториудтай хамтран ажиллах зэргээр тусгагдсан байдаг. Сургалт нь мөн хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой байсан юм.

ХХААХҮЯ, УГТХ, МХЕГ зэрэг салбарын байгууллагууд хаврын тариалалтын өмнө үрийн норм, стандарт, сорт сонголт, тарих хугацаа, бордоо, хөрс боловсруулалт, ургамал хамгаалал зэрэг технологийн зөвлөмжүүдийг өгч ажилласаар ирсэн. Эдгээр зөвлөмжүүд нь ихэнхдээ олон жилийн туршлага болон өмнөх жилийн ургацын үр дүнд тулгуурлан гардаг хэдий ч аж ахуйн нэгжүүдийн бодит хэрэгцээ шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байна. Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө бидэнд улам бүр хурдацтайгаар нэмэгдэж байгаа өнөө үед өмнөх жилүүдийн туршлага дээр тулгуурлан технологийн зөвлөмж боловсруулах нь тийм ч оновчтой шийдэл биш болоод байна.Тиймээс аж ахуйн нэгжийн талбай дээрээс авсан дээжийг магадлан итгэмжлэгдсэн лабораторт шинжилгээнд хамруулж, түүнээс гарсан үр дүнд тулгуурлан төлөвлөлтөө хийх чиг хандлага улам бүр нэмэгдэж байна.

Сургалтын эхний хэсэгт үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлд лабораторийн шинжилгээний ач холбогдол, үр, хөрс, бордооны шинжилгээний арга, аргачлал, пестицидийн үлдэгдлийн шинжилгээ, ургамлын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шинжилгээний талаарх мэдээлэл багтсан бол сургалтын хоёр дахь хэсэг нь лабораторид практик үзүүлэн хэлбэрээр явагдлаа. Сургалтын хоёр дахь хэсэгт оролцогчид Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Медимпекс компанийн харьяа Пестицидийн үлдэгдлийн Демо лаборатори, Гацуурт ХХК-ны Хөдөө аж ахуйн нэгдсэн лабораторт зочилж, үрийн чанар, ургамлын чанарын шинжилгээ, тарих үрийн чанарын шинжилгээ, хорио цээрийн шинжилгээ, хөрсний шинжилгээ зэргийг лабораторид хэрхэн хийж байгаатай танилцан, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, шинэ багаж хэрэгсэл ашиглан улаан буудайн дээж, хөрсний ялзмагын агууламж тодорхойлох зэргийг үзэж танилцав.

Go back