ТХАА төслийг хэрэгжүүлэгч ИАК Аграр Консалтинг ХХК-ын захирал ноён Кюнстлинг Монгол улсад ажиллалаа
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийг хэрэгжүүлэгч ИАК Аграр ХХК-ын захирал ноён Кюнстлинг 2022 оны 9 дүгээр сарын 20-24-ны өдрүүдэд Монгол улсад ажиллаж, төслийн Монгол талын хамтрагчидтай уулзаж, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг сонирхон, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Түүнийг Монгол улсад ажиллах үеэр 17 дахь жилдээ зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2022” арга хэмжээ тохиосон бөгөөд тэрээр тус үзэсгэлэнд зочилсон юм. Энэхүү үзэсгэлэн, арга хэмжээний нэрийг ХБНГУ-д зохион байгуулагддаг “Ногоон 7 хоног” арга хэмжээнээс санаа авч нэрэлснээр ийнхүү 17 жилийн турш хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг тайлагнах, сурталчлах, үндэсний үйлдвэрлэгчид, хүнсний ногоочдын бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, харилцан туршлага солилцох, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний болон орон нутгийн өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх нөхцөлийг бүрдүүлсээр иржээ. Тус арга хэмжээнд “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл оролцож, төслийн үйл ажиллагааг сурталчилахаас гадна хэрэглэгчдэд гэрийн нөхцөлд хүнсний ногоог энгийн аргаар удаан хугацаанд хадгалах заавар, мөн хүнсний ногоо тариалагчдад тэдний сонирхсон асуултанд хариулж, зөвөлгөө өгч ажилласан юм.
Мөн тэрээр Хөдөө аж ахуйн Их сургуульд зочилж, шинэхэн томилогдсон захирал О.Баатарцогт болон сургуулийн судлаачидтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар яриа өрнүүллээ. Уулзалтын үеэр тус сургуулийн залуу судлаачдаас Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд чиглэсэн агуулга, арга зүйн талаар туршлага судлах, Германы хөдөө аж ахуйн их, дээд сургуультай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ноён Кюнстлинг Монгол улсад ажиллах үеэрээ Дархан-Уул аймагт байрлах Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн үйл ажиллагааг сонирхон, харилцан мэргэжлийн яриа өрнүүлэн, УГТХ-ын Ургамлын генийн сан, төмсний бичил булцуу үржүүлгийн Аэрофоник хүлэмж, төмсний элит үр үржүүлгийн талбай, Улаан буудайн үр үржүүлгийн талбайд зочилов. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаа болон тус аймгийн хөдөө аж ахуйн салбарын онцлог, нүүдлийн мал аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөөд буй газар тариалангийн салбарт хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсохоос гадна Герман улсын сайн туршлага, бусад олон улсад нэвтрээд буй сайн туршлагаас сонирхуулсан юм.
Түүнчлэн тэрээр хүнсний ногоо, үр тарианы талбайд очиж, ургац хураалтын байдлыг сонирхон, ногоочид, тариаланчидтай уулзаж, ярилцав. Мөн энэ үеэр Хөтөлийн Хөдөө аж ахуйг дэмжих сан болон Орхон суманд байрлах Монгол ногоо төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй “Ногоочдод зөвлөгөө үзүүлэх, технологи нэвтрүүлэх төв”-ийн үйл ажиллагаатай танилцав. Дархан-Уул аймгийн аялалаас буцах замдаа Төв аймгийн Борнуур суманд байрлах социалист нийгмийн үед Герман улсын дэмжлэгтэй байгуулагдан загвар аж ахуй болтлоо хөгжиж байсан үхрийн фермийн өнөөгийн байдлыг сонирхон очсон юм. Түүний уулзсан Монгол талын хамтрагчдаас Монгол улсад Тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд Герман-Монголын хамтын ажиллагааны ТХАА төслийн үйл ажиллагаа ихээхэн дэмжлэг болж байгаад талархаж буйгаа илэрхийлж байсан юм.