Газар тариалангийн салбарын инженер, механикчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт
Орчин үед шинжлэх ухаан, техник, технологийн ололтууд хөдөө аж ахуйн техникийн үйлдвэрлэлд эрчимтэй нэвтэрч улам бүр “ухаалаг” болж хөгжиж байна. Энэхүү “ухаалаг” техникийг ажиллуулах газар тариалангийн инженер механикчдыг бэлтгэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал билээ.
Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн инженер, механикчдын мэргэжил дээшлүүлэх давтан сургалт”-ыг ХХААЯ, ХААИС, “Тогтвортой ХАА” төсөлтэй хамтран Улаанбаатар хотноо 2015.03.09-13-ны хооронд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтын зорилго нь ХАА-н үйлдвэрлэлд ажиллаж байгаа инженер, механикчдад орчин үеийн дэвшилтэт техник, технологийн мэдлэг олгох, техникийн ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлэх, ХААИС-ийн төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах байлаа.
Сургалтад газар тариалангийн үйлдвэрлэл хөгжсөн Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Булган, Орхон, Хөвсгөл аймгуудын аж ахуйн нэгжийн инженер механикчид, зарим аймгийн МСҮТ-ийн багш нар, нийт 56 оролцогчид хамрагджээ. Салбарын мэргэжилтнүүдэд зориулсан төрөлжсөн сургалтаар суралцагчдад харилцан туршлага судлах, санал, мэдээлэл солилцох өргөн боломжийг олгодгоороо чухал билээ.
Сургалтын хичээллийн хөтөлбөрийг яам, их сургууль, төсөл хамтран боловсруулсан бөгөөд практик ач холбогдлыг анхаарч, газар тариалангийн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлэх, техникийн ашиглалт, бүтээмжийг сайжруулахад чиглүүлсэн болно. Сургалтын хичээлүүдийг ХААИС-ийн эрдэмтэн багш нар зааж, сургалтын төгсгөлд шалгалт авч, амжилттай төгсөгчдөд сертификат гардууллаа.
Сургалтад оролцогчид сургалтын агуулга, зохион байгуулалтад баяртай байгаагаа илэрхийлж, цаашид ийм сургалтыг тогтмолжуулах, илүү бодитоор, техник, үйлдвэрлэлийн баазад тулгуурлан зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналаа хэлж байлаа.