“Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлт” талбайн сургалт Өвөрхангай аймагт
Орон нутагт газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд болох аймгийн агрономчид, сумдын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, ХХААХҮЯ-ны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвөөс зохион байгуулж ирсэн цуврал сургалт, арга хэмжээнүүд Өвөрхангай аймагт 2023 оны 4-р сарын 13-14-нд зохиогдсон “Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлт” сургалтаар үргэлжиллээ. Тус сургалтанд Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Өвөрхангай аймаг, нийслэлийн агрономч, мөн Өвөрхангай аймгийн 18 сумдын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Сургалтаар аймаг, сумдын газар тариалангийн мэргэжилтнүүдийн уур амьсгалд дасан зохицсон тогтвортой газар тариалангийн сэдвээр тариаланчдад сургалт, зөвлөгөө өгөх ур чадварыг дээшлүүлэх, мөн түүнчлэн аймгуудын агрономчид хооронд мэдээлэл, туршлага солилцох, сургалт явагдаж буй аймгийн сайн туршлагыг бусад аймгуудад сурталчилж, түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгыг агуулснаараа онцлогтой. Энэхүү сургалт нь ил талбайн ба хүлэмжийн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамлын тариалангийн технологи, бордоо, ургамал хамгааллын зохистой дадал зэрэг тариалангийн технологиудын талаар оролцогчдод зааж сургалаа.
Мөн газар тариалангийн зөвлөн туслах үйлчилгээний арга зүй, хоршоолол, хамтын ажиллагаанд суурилсан тариалангийн үйлдвэрлэл, борлуулалт, хүнсний ногооны мөнгөн урамшуулалд хамрагдах талаар мэдээлэл, зөвлөмжийг агуулсан уг арга хэмжээ нь хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд танхимын сургалт, талбайн сургалт ба орон нутгийн тариаланчдыг хамруулсан хэлэлцүүлгээс бүрдсэн. Таримлаар төрөлжсөн талбайн сургалтуудыг Арвайхээр, Баян-Өндөр сумдад зохион байгуулж, ТХАА төсөл, Судалгаа, хөгжлийн төвийн мэргэжилтнүүд, аймаг, нийслэлийн агрономчид орон нутгийн 30 гаруй тариаланчид, сумдын удирдлагуудад газар дээр нь зөвлөгөө өгч ажиллалаа.