“Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” талбайн сургалт Хөвсгөл аймагт
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, ХААҮШУОНТ хамтран аймгууд дах сургалт, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд болон агрономчдын ур чадварыг сайжруулах танхимын ба талбайн цуврал сургалтыг 2019 оноос зохион байгуулж байна. Энэ удаагийн талбайн сургалтыг 2020 оны 8-р сарын 13-14-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт зохион байгуулж, Хөвсгөл, Хэнтий, Говь-Сүмбэр, Дундговь, Баянхонгор аймгуудын сургалт, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд, Хөвсгөл аймгийн болон Тариалан сумын агрономчид оролцлоо.
Тус арга хэмжээний хүрээнд үр тариа, ил талбайн ба хүлэмжийн хүнсний ногооны үйлдвэрлэл дэх сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй гэсэн 3 сэдэвчилсэн сургалтыг Тариалан сумын Хөвсгөл Алтан дуулга ХХК болон Мөрөн сумын хүнсний ногооны өрхийн үйлдвэрлэгчдийн тариалангийн талбайд зохион байгуулж, орон нутгийн 31 тариаланчийг хамрууллаа. Талбайн сургалтыг оролцооны аргачлалаар зохион байгуулсан бөгөөд тариалан эрхлэхэд тулгарч буй сорилт бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар мэдээлэл, санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна таримлын сэлгээ, бордоо, ургамал хамгааллын сэдвээр хийгдсэн талбайн туршилт, судалгааны дүнг газар дээр нь танилцуулж, аймгийн мэргэжилтнүүд холбогдох заавар зөвлөгөөг өгч aжиллалаа.
Сургалт зохион байгуулагчдын зүгээс ТХАА төслийн мэргэжилтэн Б.Эрдэнэболор үр тарианы сэлгээ, хөрс хамгаалал, ХААҮШОНТ-ийн Инноваци, зөвлөх нэвтрүүлэх үйлчилгээний хэлтсийн дарга С.Нандинцэцэг хүнсний ногооны аж ахуйд зохистой дадал нэвтрүүлэх сэдвээр тариаланчдад мэдээлэл, зөвлөгөө өгч оролцлоо. Сургалтын явцад түүнчлэн Хөвсгөл аймгийн ХХААГ-ын зүгээс газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тус салбарт сургалт, нэвтрүүлэлтийн үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулж, сургалтад оролцсон аймгуудын ХХААГ-уудтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.
Уг арга хэмжээг хамтран зохион байгуулж, бүх талаар дэмжлэг үзүүлсэн Хөвсгөл аймгийн ХХААГ-т гүн талархал илэрхийлье.