“Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” талбайн сургалт Өмнөговь аймагт

“Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, ХХААХҮЯ-ны Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв хамтран аймаг, сумдын агрономчид, ХХААГ-т нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдийн тариаланчдад зөвлөгөө өгөх, танхимын ба талбайн сургалт зохион байгуулах ур чадварыг сайжруулах зорилгоор “Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” сургалтыг 2019 оноос хойш зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн талбайн сургалтыг ТХАА төсөл, Судалгаа хөгжлийн төв болон Өмнөговь аймгийн ХХААГ хамтран 2022 оны 6-р сарын 23-24-ний өдрүүдэд тус аймагт зохион байгууллаа. Сургалтанд Архангай, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймгуудаас аймаг, сумдын 16 агрономчид, газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд, Өмнөговь аймгийн Даланзадгад, Булган сумдын тариаланчдын хамт нийт 35 хүн оролцлоо.

Сургалтын эхний өдрийг Даланзадгад суманд байрлах аймгийн агропаркад өнгөрүүллээ. Тус агропарк төрөл бүрийн жимс, жимсгэнэ, хүнсний ногооны үр, суулгац борлуулж үндсэн орлогоо бүрдүүлдэг бөгөөд одоогоор аймгийн ХХААГ-аас хувийн хэвшлийн ААН-д гэрээгээр ашиглуулж байна. Сургалтын хоёр дахь өдөр агрономчид аймгийн төвөөс 100 км зайд байрлах Булган сумын ногоочдод ил талбайд болон хүлэмжинд талбайн сургалт зохион байгуулж, мэргэжлийн заавар, зөвлөмж өгч ажиллалаа. Сургалт, зөвлөгөө нь агуулгын хувьд жимс, жимсгэнэ, хүнсний ногооны үрслэг бойжуулах, үрслэгээр ил талбайд болон хүлэмжинд тариалалт хийх, жимс, жимсгэнэ, хүнсний ногооны тариалангийн агротехнологи, бордоо, ургамал хамгаалал, ХАА-н зохистой дадал гэсэн үндсэн сэдвүүдийг хамарлаа.

Арга зүйн хувьд өмнө нь Дархан-Уул, Хөвсгөл, Архангай аймгуудад явагдсан сургалтуудын адилаар талбайн үзүүлэх сургалт, (агрономчдын дунд ба орон нутгийн тариаланчидтай хийсэн) бүлгийн хэлэлцүүлэг, тариаланчдад нийтэд нь ба ганцаарчлан зөвлөгөө өгөх аргуудыг хослуулан ашиглалаа. Оролцогчдын өгсөн үнэлгээнээс үзэхэд тус сургалт аймаг, сумдын газар тариалан, нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдийн тариаланчдад мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгөх арга зүйн ур чадварыг дээшлүүлэх үндсэн зорилгоосоо гадна төрөл бүрийн аймгийн агрономчид хооронд туршлага солилцох, нийслэлээс харьцангуй алс байрлах Өмнөговь аймгийн жимс, жимсгэнэ, хүнсний ногооны тариаланчдад мэдлэг, мэргэжлийн туслалцаа үзүүлж, оюуны хөрөнгө оруулалт хийх давхар зорилгуудыг биелүүлсэн чухал арга хэмжээ болж чадсан байна.

Go back