“Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” талбайн сургалт
Газар тариалангийн салбарт нэвтрүүлэх үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх зорилгоор Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2019 оны 10-р сар, 2020 оны 1-р сард ХААҮШУОНТ-тэй хамтран аймгийн ХХААГ-дад нэвтрүүлэх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүдийг сургалт, нэвтрүүлэлтийн арга зүйн сургалтад хамруулсан. Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд сургалтаар олж авсан мэдлэгээ бататгахад нь туслах, мөн сургалтад оролцож амжаагүй аймгийн агрономчдын үйлдвэрлэлийн нөхцөлд тариаланчдад технологийн зөвлөгөөг өгөх ур чадварыг сайжруулах зорилгоор “Газар тариалангийн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй” сэдэвт бүсчилсэн талбайн сургалтыг ХХААҮШУОНТ болон Дархан-Уул аймгийн ХХААГ-тай хамтран 2020 оны 6-р сарын 11-12-нд Дархан Уул аймгийн Орхон, Хонгор сумдад зохион байгууллаа.
Талбайн сургалтыг Дархан-Уул аймгийн ХХААГ-ын дарга З.Нэргүй, ХХААҮШУОНТ-ийн хэлтсийн дарга С.Нандинцэцэг нар удирдаж, газар тариалангийн төв бүсийн Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын агрономчид, хүнсний ногооны аж ахуйг дэмжих төслийн зохицуулагч нар болон Орхон сумын хүнсний ногооны 20 тариаланч, Хонгор сумын үр тарианы 5 өрхийн тариаланч оролцлоо. Аймгийн агрономчид тариаланчдад талбай дээр нь зөвлөгөө өгч, сонирхсон асуултуудад хариулах, харилцан санал солилцох зарчмаар буюу оролцооны аргачлалд суурилсан хэлбэрээр сургалтыг зохион байгуулав.
Тариаланчдын зүгээс түүнчлэн тариалангийн технологиос гадна менежмент, маркетингийн зөвлөгөө авах хүсэлт илэрхийлсэн тул үр тариа, хүнсний ногооны борлуулалт, тариалангийн аж ахуйн менежментийг сайжруулах чиглэлээр З.Нэргүй, С.Нандинцэцэг болон ТХАА төслийн мэргэжилтэн Б.Эрдэнэболор нар мэдээлэл, зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ. Сургалтын ач холбогдол, үр дүнг нийт оролцогчид өндрөөр үнэлсэн бөгөөд цаашид уг сургалтыг бусад аймгуудад зохион байгуулах санал дэвшүүлжээ.