"Газар тариалангийн тогтвортой байдлын үнэлгээ” сэдэвт цахим зөвлөлдөх уулзалт

Герман-Монголын хамтын ажиллагааны ”Тогтвортой хөдөө аж ахуй төсөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль хамтран 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Газар тариалангийн тогтвортой байдлын үнэлгээ” сэдэвт цахим зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь тус салбарт нөөцийг гамтай, үр ашигтай зарцуулах, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн үр ашгийг хангах, салбарын хөгжлийг нийгэм, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилтуудыг цогцоор нь хангахад чиглэдэг. Эдгээр шаардлагад нийцэж ажиллахын тулд ХАА-н үйлдвэрлэл эрхлэгчид аж ахуйнхаа тогтвортой байдалд бодит дүн шинжилгээ хийх, түүнийг сайжруулахад чиглэсэн менежментийн (баримтжуулалт, үнэлгээний систем бүхий) тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай.

Энэхүү шаардлагыг үндэслэн ТХАА төслөөс ИАК аграр консалтинг ХХК, Германы Тогтвортой ХАА-н Хүрээлэнгийн хамтран боловсруулсан ХАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдлын үнэлгээний аргачлалыг Монголын тариалангийн аж ахуйд ашиглах боломжтой эсэхийг судалж тогтоох зорилгоор 2021 онд ХААИС-тай хамтран ажилласан. ХААИС-ийн баг ИАК аграр консалтинг ХХК, Германы Тогтвортой ХАА-н Хүрээлэнгийн хамтран боловсруулсан ХАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдлын үнэлгээний аргачлалд суурилан Монгол орны үр тарианы 2 аж ахуйн нэгж, хүнсний ногооны 2 аж ахуйн нэгжийг хамруулан тогтвортой байдлын үнэлгээний аргачлалыг боловсруулахад санал, зөвлөмж өгч ажилласан юм. Мөн Монгол талын түншүүдийн хүсэлтийн дагуу ХБНГУ-д ХАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдлын үнэлгээг нэвтрүүлээд буй аргачлал, туршлагыг сонсох зорилготой “Газар тариалангийн тогтвортой байдлын үнэлгээ” сэдэвт цахим зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Зөвөлгөөний үеэр Иак Аграр консалтинг ХХК-аас Хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд Герман улсад нэвтрүүлээд буй бодит санаачлагууд, загваруудыг танилцуулсан бол Тогтвортой хөдөө аж ахуйн хүрээлэнгээс ХАА-н үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн тогтвортой байдлын үнэлгээ-экологийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдийн талаар танилцуулав. Тус зөвлөгөөнд тусгайлан Герман улсын газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл уригдан оролцож, ХАА-н тогтвортой байдлын үнэлгээний практик  туршлага, сургамжаасаа хуваалцсан нь оролцогчдод илүү сонирхолтой, практикт ойрхон байж чадсан юм. Энэхүү арга хэмжээ нь цахим хэлбэрээр зохион байгуулагдсан нь орон зайнаас үл хамааран орон нутаг, хот суурин газраас оролцох сонирхолтой хэн бүхэнд нээлттэй байсан бөгөөд 100 гаруй оролцогч хамрагдлаа.

Go back