Герман-Монголын бизнесийн өдрүүд MADE IN GERMANY амжилттай зохион байгуулагдлаа

Энэ оны 10-р сарын 13-14-ны өдрүүдэд Герман-Монголын бизнесийн өдрүүд MADE IN GERMANY уриан доор Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Герман-Монголын бизнесийн өдрүүдийн нээлтийн ёслол 10-р сарын 13-ны 09.00 цагт болсон бөгөөд хүндэт зочноор Монгол Улсын Их хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Герхард Тийдеманн, Саарланд муж улсын Парламентын гишүүн, Байгаль орчин, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах болон Хууль зүйн сайд Райнхольд Йост нар оролцож арга хэмжээг нээлээ.

Энэхүү чуулга уулзалт, үзэсгэлэн яармагийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөр, Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооноос уламжлал болгон дөрөвдэх удаагаа зохион байгууллаа. Анх гурван жилийн өмнө зохион байгуулагдаж байсан тус арга хэмжээний оролцогсдын тоо, чанар жилээс жилд өсөн нэмэгдэж, өнөөдөр Герман-Монголын бизнесийн салбарын нэр хүндтэй, томоохон үйл ажиллагаа болон өргөжин тэлжээ. Бага хурал, түүнийг дагалдах үзэсгэлэнд 50 гаруй Герман Монголын компаниуд оролцон хамгийн сүүлийн үеийн технологи, орчин үеийн удирдлагын аргуудын тухай мэдээлэл хүргэж, өөрийн түншүүдтэйгээ туршлагаа солилцсон, шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа.

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл нь энэхүү бизнесийн өдрүүдэд хоёрдахь жилдээ Аммак МЖЛ ХХК-тай хамтран оролцож, Монголын бизнес эрхлэгчдэд Германы ХАА-н дэвшилтэт техник технологийг танилцууллаа.

Go back