Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн Удирдах хорооны хурал амжилттай зохион байгуулагдлаа

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 4-р үе шат нь 2022 оны 1-р сараас хэрэгжиж эхлээд байна. 2022 оны 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөлөл Монгол улсад албан айлчлал хийх үеэр Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хооронд хамтран ажиллах сонирхолоо дахин баталгаажуулж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн, Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны ерөнхий төлөөлөгч ГФА Консалтинг Групп ХХК-ийн төслийн менежер Симон Веттих нар Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн дөрөвдүгээр үе шатыг 2022-2024 оны хооронд дахин гурван жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Үүний дараагаар 10-р сарын 25-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд төслийн дөрөвдүгээр үе шатны Удирдах хорооны анхдугаар хурлыг зохион байгууллаа. Хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны Олон улсын төсөл хөтөлбөр, түншлэл хариуцсан 624 дүгээр рефератын мэргэжилтэн хатагтай Шольц, ГФА Консалтинг Групп ХХК-ын төслийн менежер ноён Веттих, ИАК Аграр Консалтинг ХХК-ийн төслийн менежер Г. Ганцэцэг, төслийн удирдагч Др. А. Катер болон төслийн багийнхан оролцлоо. Монголын талаас төслийн түнш байгууллагууд болох УГТХ, ХААИС, МТҮХ, ХХААХҮЯСХТ болон ХХААХҮЯ-ны холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо.

ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Д. Есөн-Эрдэнэ, Удирдах хорооны даргын хувьд монголын талын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэн, хурлыг албан ёсоор нээсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ төслийн үндсэн чиглэлүүд нь Монгол улсын Засгийн газрын хөтөлбөр, хөдөө аж ахуйн салбарт боловсруулах хууль тогтоомжийн чиглэлүүдтэй нягт уялдаж байгааг сайшаалаа. Мөн тэрээр төсөл нь цаашид 2024 он дуустал сунгагдаж байгаад төслийн хамтрагч талуудад баяр хүргээд, төслийн ач холбогдлыг цохон тэмдэглэж Яамны зүгээс төслийн ажлыг цаашид ч мөн дэмжин, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. ХХХААЯ-ны төлөөлөгч хатагтай Шольц оролцогчдод Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэндчилгээг дамжуулж, төслийн эхний гурван үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн, дөрөвдүгээр үе шатыг үргэлжлүүлэх болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ.

Төслийн удирдагч Др. А.Катер төслийн 2022 оны эхний хагас жилийн хийсэн ажлын тайлан, дөрөвдүгээр үе шатыг хэрэгжүүлэх концепцийг танилцуулсан бол, төслийн мэргэжилтэн Др. Б.Эрдэнэболор 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцууллаа. Илтгэлүүдийн дараагаар оролцогчид асуулт асууж, харилцан санал солилцсон бөгөөд хэлэлцүүлгийг ГФА Консалтинг Групп ХХК-ийн төслийн менежер ноён Веттих удирдан явууллаа. Ийнхүү Удирдах хорооны хурлаар 2023 оны төслийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд, хийх ажлуудын ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд дараагийн хурлыг 2023 оны намар зохион байгуулах товыг талууд харилцан тохиролцлоо.

Go back