Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн Удирдах хорооны хурал амжилттай зохион байгуулагдлаа
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн гуравдугаар үе шат 2019 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд төслийн Удирдах хорооны ээлжит хурал 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралд Германы талаас Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам (ХХХААЯ), ГФА Консалтинг групп, төсөл хэрэгжүүлэгч ИАК Аграр Консалтинг ХХК-ийн төлөөлөгчид, ХБНГУ-ын Элчин сайдын яамны мэргэжилтэн болон Монголын талаас ХХААХҮЯ-ны холбогдох газар, хэлтсийн төлөөлөгчид, ХААИС-ийн удирдлага оролцлоо.
ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун Удирдах хорооны даргын хувьд монголын талын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэн, хурлыг албан ёсоор нээсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ үр сорт, үрийн аж ахуйг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбар дахь эрсдэлийн менежмент, тогтвортой хөрс ашиглалт гэсэн сэдвийн хүрээнд ажиллаж буй төслийн ач холбогдлыг цохон тэмдэглэж яамны зүгээс төслийн ажлыг цаашид ч мөн дэмжин, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. ХХХААЯ-ны төлөөлөгч хатагтай Н. Конле оролцогчдод Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэндчилгээг дамжуулж, төслийн хоёрдугаар үе шатыг амжилттай хэрэгжүүлж дууссан, гуравдугаар үе шатыг үргэлжлүүлэх болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Төслийн удирдагч Др. А.Катер төслийн хоёрдугаар үе шатны сүүлийн 1 жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан, гуравдугаар үе шатыг хэрэгжүүлэх концепци, 2019 онд хийхээр төлөвлөсөн ажлын төлөвлөгөөг танилцуулсан бол төслийн мэргэжилтэн Др. Б.Эрдэнэболор төслийн гуравдугаар үе шатны “Суурь судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.
Илтгэлүүдийн дараагаар оролцогчид асуулт асууж, харилцан санал солилцсон бөгөөд хэлэлцүүлгийг ГФА Консалтинг Групп ХХК-ийн төслийн менежер А.Шмидт удирдан явууллаа.
Монгол улсад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр газар тариалангийн үйлдвэрлэл үүсч хөгжсөний 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан төслийн зарим үйл ажиллагааг ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай уялдуулах, хамтран зохион байгуулахаар тогтлоо. Ийнхүү төслийн гуравдугаар үе шатны анхдугаар Удирдах хорооны хурал амжилттай зохион байгуулагдлаа.