Говь-Алтай аймагт зохиогдсон „Экологижсон газар тариалангийн зохистой дадал“ сургалт
Баруун бүсэд газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын зорилтод нийцүүлэн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас санаачилсан “Газар тариалан, жимс жимсгэнэ” (2021-2024) хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор ХХААХҮЯ-наас тавьсан хүсэлтийн дагуу Герман-Монголын “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс “Экологижсон газар тариалангийн зохистой дадал” сургалтыг 2021 оны 7-р сарын 26-27-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Тайшир сумын агропаркыг түшиглэн зохион байгууллаа. “Газар тариалан, жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд тус аймагт экологижсон газар тариаланг түлхүү хөгжүүлэхийг зорьж буй бөгөөд дээд зэргийн чанартай, үнэ цэнэтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар хөрс, цаг уурын хүчин зүйлсээс шалтгаалан ургац хязгаарлагдах сул талаа нөхөх бодлого баримталж байна.
Сургалтанд тус аймгийн тариалан эрхэлдэг сумдыг төлөөлж нийт 47 тариаланч оролцлоо. ХААИС, УГТХ, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны шилдэг эрдэмтэн зөвлөхүүд сургагч багшаар ажиллаж, оролцогчдод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг экологижсон аргаар тариалах арга технологи, заавар зөвлөмжийг хоёр өдрийн турш зааж, өөрсдийн арвин туршлагаасаа хуваалцлаа. ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга доктор Д.Есөн-Эрдэнэ НҮБ-ын ХХААБ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Дэлхийн хөдөө аж ахуйн уламжлалт өв соёлын тогтолцоо” хөтөлбөр, уг хөтөлбөрт Говь-Алтай аймгийн тариаланчдын хамруулах боломжийг танилцуулахын зэрэгцээ газар тариалангийн салбарт төрөөс баримталж буй бодлого, тариаланчдад үзүүлж буй дэмжлэгийн талаар оролцогчдод мэдээлэл өгч, сонирхсон асуултууд нь хариулт өгч оролцов. Сургалтын 50 орчим хувийг танхимын хичээл, мөн 50 хувийг талбайн сургалт хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Тайшир сумын агропаркад зохиогдсон талбайн сургалтаар экологижсон газар тариалангийн зохистой дадлыг хэрэгжүүлэх арга, технологийг ил талбай, хүлэмжинд бодит жишээгээр харуулж, тайлбарласан нь маш үр дүнтэй болсныг оролцогчид илэрхийлж байв.
Сургалтын зохион байгуулалт, ач холбогдол, үр дүнг Говь-Алтай аймгийн удирдлага болон оролцогчид өндрөөр үнэлж, сургалтын талаарх мэдээлэл, тайланг аймгийн захиргаанаас олон нийтийн сүлжээнд нийтлэн, сурталчилсан нь зохион байгуулагчдад ихээхэн урам өгсөн явдал боллоо. Тогтвортой хөдөө аж ахуй төслийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас орон нутагт зорчих хөдөлгөөн, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад тавьсан хязгаарлалт үргэлжилж буй нөхцөлд тариаланчдын мэдлэг, мэдээллийн хэрэгцээ хамгийн өндөр аймгуудын нэг болох баруун хязгаарын Говь-Алтай аймагт энэхүү хэрэгцээтэй, үр дүнтэй сургалтыг ХХААХҮЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж чадсан нь томоохон амжилт гэж үзэж байна.