„Хөдөө аж ахуйн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй, зохион байгуулалт, санхүүжилт“ сэдэвт хэлэлцүүлэг
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 93-р тогтоолоор “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг нэгтгэх замаар ХХААХҮЯ-ны харъяа “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв” (ХХААХҮСХТ) улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан. Уг төв ХААҮШУОНТ-ийн залгамж болж ажиллахын зэрэгцээ ХҮСТҮБК-ийн эрхэлж байсан эрдэм шинжилгээ, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хавсран эрхэлж байна.
Энэхүү бүтцийн өөрчлөлт ХАА-н салбарын сургалт, нэвтрүүлэлтийн тогтолцоонд ямар нөлөө үзүүлэх, цаашид сургалт, нэвтрүүлэлтийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар тус тогтолцооны гол оролцогчдод нэгдсэн ойлголт бий болгох зорилгоор нийт 21 аймгийн ХХААГ-т ХАА-н сургалт, нэвтрүүлэлт хариуцсан мэргэжилтнүүд, Сэлэнгэ аймгийн Сант суманд байрлах ХАА-н инноваци, технологийн паркийн захирал Б. Буянзаяа, менежер Б.Мөнхбат нарыг оролцуулсан “Хөдөө аж ахуйн сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй, зохион байгуулалт, санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлгийг 2021 оны 5-р сарын 4-нд Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуйн төсөл”, ХХААХҮСХТ хамтран цахим хэлбэрээр зохион байгууллаа. Зохион байгуулагчдын зүгээс “ХХААХҮСХТ-ийн танилцуулга, 2021-2024 оны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан сургалт, нэвтрүүлэлтийн ажлын тойм”, Сургалт, нэвтрүүлэлтийн арга зүй, тэргүүн туршлагын цуврал хичээл, гарын авлага, видео ярилцлагуудын танилцуулга”, “ХАА-н сургалт, нэвтрүүлэлтийн үндэсний тогтолцооны загвар, санхүүжилтийн хувилбарууд” сэдвээр танилцуулга хийж, улмаар оролцогчид санал бодлоо солилцон, цаашид авч хэрэгжүүлэх зарим ажлуудыг хамтран тодорхойллоо. Юуны өмнө талуудын мэдлэг, мэдээлэл солилцох боломжийг хангахын тулд уг хэлэлцүүлгийг нэг удаа биш, жилд 2-3 удаа зохион байгуулах нь үр дүнтэй гэж дүгнэв. Түүнчлэн ХАА-н сургалт, нэвтрүүлэлтийн бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн тогтвортой байдлыг хангах бодлого дутагдаж буй тул энэ дутагдлыг нөхөхөд чиглэсэн үндэсний хөтөлбөрийг ХХААХҮЯ-тай хамтран боловсруулж, батлуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Эцэст нь хэлэлцүүлгээс гарсан саналуудыг бодитоор хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах уриалгыг ХХААХҮСХТ болон нийт оролцогчид дэвшүүллээ.