Хүнс Хөдөө Аж Ахуйн нэгдсэн Форум (ГФФА), Ногоон 7 хоногийн үеэр ХБНГУ-д танилцах аялал амжилттай зохион байгуулагдлаа

Дэлхий нийтэд тохиолдсон цар тахлын улмаас сүүлийн хоёр, гурван жил завсарлаад байсан Олон улсын Ногоон 7 хоног болон Хүнс хөдөө аж ахуйн нэгдсэн форум ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо 2023 оны 01 дүгээр сарын 20-ноос 29-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэн яармагт дэлхийн өнцөг булан бүрээс хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэгчид ирж оролцдог бөгөөд тэд орон бүрийн амттан, шимттэн, хүнсний дээжээс танилцуулдаг билээ. Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс Ногоон 7 хоногийн үеэр хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөгжүүлэх зорилгоор Танилцах аяллыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Энэ удаагийн танилцах аялалд ХХААХҮЯ-ны төлөөлөл, албаны хүмүүс оролцож, Хүнс хөдөө аж ахуйн дээд хэмжээний уулзалтад оролцон, Ногоон 7 хоногийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна Берлин хотын дэргэдэх байгальд ээлтэй, био хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Эко-тосгон Бродовинд очиж тэндхийн эко газар тариалангийн үйлдвэрлэлтэй танилцлаа. Улмаар Мекленбург-Форпоммерн муж дахь био аж ахуйд зочилж, хэрхэн байгаль орчинд ээлтэй, үнэ цэнэ бүхий экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулж байгаатай нь танилцлаа.

Аяллын төгсгөлд төлөөлөгчид Потсдам хот дахь Хөдөө аж ахуйн техник, Эко эдийн засгийн Лайбницийн хүрээлэнгээр зочилж, тус хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Ухаалаг газар тариалан: Мэдрэгчтэй платформын тусламжтайгаар хөрсний шинж чанарыг тогтоох”, “Нөхөн сэргээгдэх түүхий эд” зэрэг төслийн үйл ажиллагаатай танилцлаа. Ийнхүү энэ удаагийн танилцах аялалд оролцсон төлөөлөгчид бидний өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой шийдлүүдийн талаар олон сонирхолтой шинэ мэдээ, мэдээлэлтэй болж, шинэ мэдлэгийг хуримтлуулж чадлаа.

Go back