“Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулган
Цар тахал, ОХУ, Украйн улсын хоорондын зөрчилдөөн зэрэг олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт хомсдож, үнэ огцом өссөн нь Монгол орны хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдалд аюул учруулж байна. Ургамлын гаралтай олон нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд импортоос хамааралтай хэвээр буй нь мөн үүнд нөлөөлж байна. Монгол улсын засгийн газар, нийт тариаланчид үр тариа, хүнсний ногоо, ургамлын тосны хэрэгцээг дотоодоос хангах, нөгөө талаар үйлдвэрлэлийн зардал эрс өссөн өнөөгийн нөхцөлд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үнийг хэрэглэгчдэд хэт их дарамт учруулахгүй түвшинд тогтоох амаргүй сорилттой тулгараад байна.
Газар тариалангийн салбарт үүссэн энэхүү нөхцөл байдлыг нийтээрээ хэлэлцэж, гарц, гаргалгааг эрэлхийлэх, оновчтой шийдвэрүүд гаргаж, хамтын хүчээр хэрэгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал ёсоор зохиогддог Улсын тариаланчдын зөвлөгөөний оронд 2022 он 4 дүгээр сарын 13-15-ны хооронд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал – газар тариалан” үндэсний чуулганыг ХХААХҮЯ зохион байгууллаа. Чуулган нь үндсэн хуралдаанаас гадна Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн, Агрономчдын улсын хоёрдугаар зөвлөгөөн, Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн, Жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн гэсэн дөрвөн салбар хуралдаанаас бүрдсэн бөгөөд 1000 гаруй тариаланч, судлаач, мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид оролцож, салбарын холбогдолтой төрөл бүрийн сэдвийг хөндсөн нийт 41 илтгэлийг хэлэлцлээ.
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс чуулганы хоёр дахь өдөр зохиогдсон Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөнд “Кластер хөгжүүлэх замаар хүнсний ногооны зах зээлийн эрсдэлийг бууруулах нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Илтгэлийг 2020 онд ТХАА төсөл, Шилжилтийн эдийн засагтай орнуудын ХАА-н хөгжлийн хүрээлэнтэй хамтран 300 гаруй ногоочноос авсан судалгаанд үндэслэн боловсруулсан тул илтгэлд дурдагдсан асуудлууд, дэвшүүлсэн саналууд ногоочдын бодит хэрэгцээт нийцсэн болохыг зөвлөгөөнд оролцсон олон зуун ногоочид дэмжиж, халуун алга ташилтаар хүлээн авсныг дурдах нь зүйтэй.
ХХААХҮЯ болон тариаланчдад чиглэсэн санал, зөвлөмжүүд нь үйлдвэрлэл - зах зээлийн уялдаа, төлөвлөлт бий болгох, чанарт суурилсан үнийн механизм бий болгох, магадлан итгэмжлэгдсэн агуулахын баримтаар зээл олгох, арилжаа хийх, тариаланчдад чиглэсэн мэргэжлийн үйлчилгээ, тариалангийн механикжсан бригадууд бий болгох замаар бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлийг хамарсан болно. Зөвлөмжүүдийг бодитоор хэрэгжүүлэх, ялангуяа тариалангийн механикжсан бригадууд бий болгох чиглэлээр хийх шаардлагатай ажлууд, ТХАА төслийн оруулж болох хувь нэмрийн талаар чуулганы дараа ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.