“Хүнсний ногооны чанарын баталгаажуулалт хийх хялбаршуулсан аргачлал” сургалт Ховд аймагт
Хүнсний ногооны дотоодын үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхэд ногооны чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтыг хангах асуудал чухал үүрэгтэй. Хүнсний ногооны чанарын менежментийг сайжруулах нэг үндсэн шийдэл нь гол нэр төрлийн хүнсний ногооны чанарын үнэлгээг практик нөхцөлд хийх хялбаршуулсан аргачлалыг боловсруулж, орон нутагт нэвтрүүлэх явдал юм.
Хүнсний ногоонд чанарын үнэлгээ хийж хэвших нь мөн чанарт суурилсан үнийн тогтолцоо бүрдүүлэх суурь болно.
Уг хэрэгцээ, шаардлагад үндэслэн ТХАА төслөөс хүнсний ногооны мэргэшсэн судлаач П.Алтантуяатай хамтран зарим нэр төрлийн хүнсний ногоонд чанарын баталгаажуулалт хийх хялбаршуулсан аргачлалыг 2023 оны дундуур боловсруулсан бөгөөд уг аргачлалыг орон нутгийн холбоод, хоршоодод эзэмшүүлэх цуврал сургалт төлөвлөснөөс Ховд аймагт 2023 оны 8-р сарын 7-ны өдөр аймгийн ногоочдын төлөөллийн байгууллага болох Баян Арвижих Ногоочдын Холбоо ГҮТББ-тэй хамтран, талбайн сургалтын аргачлалаар Жаргалант, Буянт сумдад ногооны талбай дээр зохион байгуулав. Уг сургалтанд тус сумдад хүнсний ногооны тариалан эрхэлдэг 22 тариаланч оролцлоо.
Сургалтын үеэр төслийн зөвлөх мэргэжилтэн П.Алтантуяа чанарын үнэлгээг хийх аргачлалыг танилцуулж, оролцогчдоор дасгал ажил хийлгэх замаар мэдлэгийг нь баталгаажуулсан бол олон улсын зөвлөх Кэвин Галлагер, ТХАА төслийн мэргэжилтэн Б.Эрдэнэболор нар хүнсний ногооны чанарын менежментийн талаарх дотоодын ба олон улсын туршлага, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өгч, оролцогчидтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн зөвлөх П.Алтантуяа хүнсний ногооны үйлдвэрлэлийн технологи, зохистой дадал, үр үржүүлгийн талаар тариаланчдад практик зөвлөгөө өгч ажиллалаа.