“Хүнсний ногооны нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх инноваци, тэргүүн туршлага” сургалт Ховд аймагт
Монгол улсын засгийн газраас газар тариалангийн салбарт баримталж буй бодлогын нэг тэргүүлэх чиглэл нь хүнсний ногооны импортын хараат байдлыг бууруулах явдал бөгөөд хүнсний ногооны үр ашиг, ногоочдын орлогыг хязгаарлаж, дотоодын үйлдвэрлэлд саад болж буй нэг томоохон хүчин зүйл бол нийлүүлэлтийн сүлжээний дутагдал, зах зээлийн гарцын хомсдол юм. Иймд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн мэргэжилтнүүдэд хүнсний ногооны нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн инноваци, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чадвар олгох зорилгоор “Хүнсний ногооны нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх инноваци, тэргүүн туршлага” сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс Эх булаг Монголын ногоочдын холбоо ГҮТББ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран 2023 оны 5-р сарын 24-25-ны өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант, Буянт сумдад зохион байгуулсан юм. Тус сургалтанд Булган, Төв, Говь-Алтай, Ховд, Хөвсгөл аймгийн ерөнхий агрономчид, Эх булаг Монголын ногоочдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, Ховд аймгийн 15 сумын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд, Жаргалант, Буянт сумын ногоочдын төлөөлөл оролцлоо.
Эхний өдөр Жаргалант суманд зохион байгуулагдсан танхимын сургалтын хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэл, борлуулалт,чанарын хамгаалалт, баталгаажуулалтын талаарх бодлогын
орчин, төрөөс үзүүлж буй дэмжлэг, газар тариалангийн мэдээллийн систем ашиглах, хүнсний ногооны мөнгөн урамшууллын хүсэлт илгээх, хүнсний ногооны инноваци, нэмүү өртөг шингээх шийдлүүд, хүнсний ногооны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох үзэл баримтлал, аргачлал, тэргүүн туршлага, хоршоолол, хамтын ажиллагаанд суурилсан хүнсний ногооны үйлдвэрлэл, борлуулалтын талаар ТХАА төсөл, ХХААХҮСХТ, УГТХ, Ховд аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд Ховд аймгийн сумдын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүдэд танилцуулга, мэдээлэл хийж хүнсний ногооны борлуулалт, логистик, чанарыг сайжруулах талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, хүнсний ногооны нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр зөвлөмжийг оролцогчид хамтран боловсрууллаа.
Хоёр дахь өдөр Буянт суманд зохиогдсон талбайн сургалтаар хүнсний ногооны мөнгөн урамшуулалд хамрагдах, нэмүү өртөг шингэсэн хүнсний ногоо үйлдвэрлэх, ногоочдын хоршоо, холбоо байгуулах замаар хүнсний ногооны борлуулалтыг сайжруулах боломжуудын талаар Жаргалтант, Буянт сумдын ногоочдод мэдээлэл өгч, хүнсний ногооны чанарыг хамгаалах, сайжруулах чиглэлээр талбайд хийгдэх зохистой дадлын үзүүлэх сургалт зохион байгуулж, тариаланчдад практик зөвлөмж өгч ажиллалаа.