“Хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хөрс хамгаалахад ногоон бордуурт тарималыг тариалах нь” сэдэвт семинар, талбайн өдөрлөг Дархан-Уул аймагт
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл, Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтран “Ногоон бордуурын таримал сорих, хөрс ургамалд үзүүлэх нөлөөг тогтоох нь” сэдэвт танхимын болон талбайн сургалтыг 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд УГТХ туршилт судалгааны талбай дээр зохион байгууллаа. Уг сургалтын агуулга нь, ногоон бордуурт тарималын технологи, хөрсний үр шимд үзүүлэх нөлөө болон хөрсний бичил организм, хөрсийг элэгдлээс хамгаалах; талаар мэдлэг, мэдээллийг тариаланчдад хүргэх юм. Үүнээс гадна ногоон бордуур нь тариалангийн хөрсний ялзмагт эерэг нөлөө үзүүлж, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд тусалдаг.
Буурцагт ургамлыг тариалах нь өвчин, хортон шавжийн тархалтыг бууруулах, хөрсний чанарыг сайжруулах, газар тариалангийн системд нэмэлт эх үүсвэр болох зэрэг агрономийн болон байгаль орчны олон төрлийн ашиг тусыг өгөх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Энэхүү арга хэмжээнд Сэлэнгэ, Дархан, Булган, Төв аймгийн тариалангийн үйлдвэр эрхлэгчид, мэргэжилтнүүд, ХХААХҮЯ, эрдэм шинжилгээний байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөр, мэргэжлийн холбоодын 100 гаруй төлөөлөл оролцлоо. ТХАА төслийн богино хугацааны зөвлөх, доктор Л.Баяртулга органик тариалангийн салбарт үр тарианы гарц, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх олон улсын туршлагаас хуваалцаж, ТХАА-н урт хугацааны зөвлөх доктор Б.Эрдэнэболор нар технологийн талаас заавар зөвлөмжүүдийг өгч ажиллалаа.