“Хөрсний шинжилгээний арга, аргачлалын нэгдмэл байдал”

“Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс ХХААХҮЯ, ХААИС, УГТХ-тэй хамтран 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Хөрсний шинжилгээний арга, аргачлалын нэгдмэл байдал - Монгол, герман мэргэжилтнүүдийн туршлага солилцох уулзалт хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа. Тус уулзалт, хэлэлцүүлэгт УГТХ-ийн Хөрс, агрохимийн лаборатори, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Хөрс, агрохимийн лаборатори, ШУА-ийн Газарзүй – Геоэкологийн хүрээлэнгийн Хөрс судлалын лаборатори, МХЕГ-ын төв лаборатори, МУИС-ийн Хөрсний лаборатори, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, УХХ-ийн мэргэжилтнүүдээс гадна Инженер Геодези ХХК, Гацуурт ХХК, НАРТ ШУҮН Консалтинг ХХК-ийн Хөрсний итгэмжлэгдсэн лаборатори зэрэг хувийн компаниудын төлөөлөл болох 50 гаруй мэргэжилтнүүд, хөрс судлаачид оролцлоо.

Уулзалтын эхэнд Монгол улсын хөрс, түүнтэй холбоотой хууль эрх зүйн болон тогтолцооны талаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Л. Баяртулга танилцуулга хийлээ. Тэрээр Монгол Улсад одоо хэрэгжиж байгаа Хөрс хамгаалахтай холбоотой хууль тогтоомжууд, стандарт, дүрэм журмуудыг танилцуулсан бол уулзалтад олон улсын зөвлөхөөр уригдан оролцож байгаа ХБНГУ-ын Хөрс судлалын нийгэмлэгийн Тэргүүн, Хоэнхаймын их сургуулийн профессор Карл Штаар хөрснөөс дээж авах, хөрсний шинжилгээ гүйцэтгэх эрх зүй, институцийн орчин Герман улсад хэрхэн бүрэлдсэн байдаг, хөрсний шинжилгээг ямар арга аргачлалын дагуу хэрхэн хийдэг, хөрсийг хэрхэн тохиромжтой үзүүлэлтээр нь ангилдаг, хөрсийг бүлэглэхэд ямар ямар шалгуур үзүүлэлтүүд байдаг вэ зэрэг олон арван чухал мэргэжлийн сэдэв, эх сурвалжуудыг танилцууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэгт ХААИС-ийн Хөрс-агрохимийн лаборатори, МУИС-ийн хөрсний лаборатори болон Гацуурт ХХК-ийн хөрсний лабораторийн эрхлэгч, төлөөлөгч нар тус бүрийн лабораторийн шинжилгээний онцлог, хүчин чадал ба тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийсэн ба хөрсний лабораториудын арга зүйн харьцуулалтыг нэгтгэсэн байдлаар хөрс судлаач Др. Б. Ундрах-Од танилцууллаа.

Уулзалтын төгсгөлд Монгол улсад хөрсний шинжилгээний арга, аргачлалын нэгдмэл байдлыг бий болгоход цаашид анхаарах асуудлууд, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж боловсрууллаа. Тус зөвлөмжид дараахь асуудлуудыг тусгасан болно, үүнд:

1. Хөрсний шинжилгээний арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр:

  • Шинжилгээний хуучирсан стандартуудыг хүчингүй болгох, шинэчлэх асуудлыг хэлэлцэж, саналаа нэгтгэх;
  • Шинжилгээний стандартуудыг эцэслэн боловсруулж, бүртгүүлэх;
  • Шинжилгээний арга зүйг харьцуулах, шалгаруулах зорилгоор хөрс ба ургамалд агуулагдах шим тэжээлийн бодисын агууламж тодорхойлох туршилт судалгаа гүйцэтгэх;
  • Хөрсний мэдээллийн санг сайжруулах (цаашид ЭШ байгууллагад хариуцуулах, Азийн хөрсний атлас гаргах ажилд уялдуулах).

2. Хөрс шинжээч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр:

  • Лабораторийн шинжилгээний арга зүйн практик сургалт зохион байгуулах;
  • Хөрсний шинжилгээний арга зүйн тус бүрээр видео хичээл бэлтгэх;
  • Дээж авагч, Хөрс шинжээчдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулж, гарын авлага бэлдэх.

Go back