ХБНГУ-ын Нюрнберг хотод зохион байгуулагдсан “Biofach 2019-Органик хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн” үйл ажиллагаанд оролцлоо
ХБНГУ-ын Нюрнберг хотод 2019 оны 02-р сарын 13-16-ны өдрүүдэд 30 дахь удаагийн “BIOFACH-Органик хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн” зохион байгуулагдаж, нийт 143 улсын 51,500 үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч, төрийн яам, байгууллага, хэвлэл мэдээлэлийнтөлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцсон байна. Органик ХАА-н судалгааны институт-Фибл-ээс гаргасан мэдээгээр, дэлхийн 181 улсад нийт 68,9 сая га талбайд, 2.9 сая фермерорганик үйлдвэрлэлийг эрхэлж, 92 тэрбум еврогийн бүтээгдэхүүн борлуулж байна. Австрали, Аргентин, БНХАУ улсууд органик үйлдвэрлэлд шилжсэн ХАА-н эдэлбэр газрын хэмжээгээр, Энэтхэг, Уганда, Мексик улсууд органик фермерийн тоогоор, АНУ, Герман, Франц улсууд органик бүтээгдэхүүний хэрэглээгээр тус тус дэлхийд тэргүүлж байна.
ХБНГУ-ын ХАА-н эдэлбэр газрын 8.9%-д, фермерүүдийн 12% нь органик аж ахуй эрхэлж байна. Зөвхөн 2018 онд 100 мянган га талбай буюу өдөрт 5 фермер органик үйлдвэрлэлд шилжсэн,улмаар органик үйлдвэрлэлийн борлуулалтын орлого 11 тэрбум еврод хүрсэн статистик мэдээ байна. Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн сайд Жулиа Клокнер Герман улс 2030 он гэхэд хөдөө аж ахуйн эдэлбэр газрынхаа 20% -ийг органик үйлдвэрлэлд шилжүүлэх, химийн бордоо хэрэглэж буй аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны бохирдлын төлбөр ногдуулах зорилтыг дэвшүүлжээ.
Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл олон улсад ийнхүү эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас энэ сэдвээр туршлага судлахаар тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амараар ахлуулсан баг ХБНГУ-д томилогдон ажиллалаа. Энэхүү баг органик хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн үзэсгэлэн болох BIOFACH2019 (VIVANESS2019 буюу органик гоо сайхны бүтээгдэхүүний) үзэсгэлэнгийн үйл ажиллагаа, олон улсын баталгаажуулалтын байгууллагууд, хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэлийн сүүлийн үеийн ололт амжилттай танилцан, салбарын 20 гаруй техникийн экспертүүдтэй мэргэжлийн яриа өрнүүлэн Монгол улсад органик хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар хамтран ажиллах талаар санал солилцов.
Уг туршлага судлах аяллыг Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс дэмжиж зохион байгуулсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд тус яамны Бодлого, төлөвлөлтийн газар, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын төлөөллүүд оролцлоо.
Энэ удаагийн танилцах аяллын хүрээнд дараахь хэд хэдэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тогтлоо. Тухайлбал, ХБНГУ-д төвтэй, дэлхийн 50 гаруй улсад хяналтын баг ажиллуулдаг Контрол Юнион Академийн техникийн мэргэжилтнийг (Доктор Хабил Райнер Фрийдэл) урьж, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүнийг хянаж, баталгаажуулахад баримтлах зарчим, схемийн талаар сургалт зохион байгуулах;”Серес” баталгаажуулалтын байгууллагын гадаад харилцааны менежер доктор Бернард Шульц өөрийн байгууллагын боловсруулсан органик баталгаажуулалтын хяналтын хуудасны загвар болон бусад мэдээллийг үнэ төлбөргүй ашиглуулах; Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Монгол ногоо” төслийн хүрээнд Органик ХАА-н судалгааны институт-Фибл-ээс мэргэжилтэн урих; Экосерт баталгаажуулалтын байгууллагын БНХАУ дахь салбарын дарга Жэнг Юнзиа БНХАУ-ын органик хууль болон холбогдох бусад журмуудын англи хэл дээрх хувилбарыг ирүүлэх, мөн монголын аж ахуйн нэгжүүдийн баталгаажуулалтын хүсэлтийг анхааралтай судлаж, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх... зэрэг болно.
Монгол улсаас энэхүү органик хүнсний бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэнд анх удаагаа оролцож, олон улсын түвшинд туршлага судлаж, мэдээлэл авч, холбогдох төрийн, судалгаа, шинжилгээний болон хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоосон ажил хэрэгч аялал боллоо.