ХБНГУ-ын тариаланчдын холбоод, зөвлөх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах аялал амжилттай болж өндөрлөлөө
Герман Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслөөс 2022 оны 11 сарын 19-26 хооронд ХБНГУ-д танилцах, туршлага судлах аяллыг зохион байгууллаа. Энэ удаагийн танилцах аялалд ХХААХҮЯ болон МТҮХ-ны тэргүүлэх гишүүдийн төлөөлөл оролцлоо. МТҮХ нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэн, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон холбоод, ТББ-уудыг эгнээндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний томоохон байгууллага болон хөгжиж, цаашид энэхүү бүтэц тогтолцоог хэрхэн сайжруулах тал дээр ажиллаж байгаа бөгөөд олон улсын туршлага, тэр дундаа тариаланчдын холбоо, хоршоологчдын холбоод олон арван жилийн өмнөөс тогтвортойгоор хөгжиж ирсэн ХБНГУ-ын туршлагаас судлах зорилготой энэ удаагийн аялалд нэгдлээ.
Тус аяллын үеэр төлөөлөгчид Хэссэн мужийн Тариаланчдын холбоо, Германы Хөдөө аж ахуйн нийгэмлэг (DLG) зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Германы Хөдөө аж ахуйн нийгэмлэг дээр хийсэн уулзалтад Германы Рэнтэнбанк болон Шилжилтийн эдийн засагтай орнуудын Хөдөө аж ахуйн хөгжлийн хүрээлэнгийн (ШЭЗОХААХХ) төлөөлөл ирж өөрсдийн үйл ажиллагааг танилцууллаа. Ялангуяа Тариалангийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулахтай холбоотойгоор ШЭЗОХААХ хүрээлэнгээс Монгол улсад хэрэгжүүлсэн төслийн үр дүнг танилцуулж, Монгол оронд тариалангийн даатгалын ямар хэлбэр нь илүү зохих талаар харилцан санал солилцлоо.
Дараагийн өдрүүдэд төлөөлөгчид “Хэссэн мужийн Эко загвар өмнөд бүс нутаг” төсөл, мужийн хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага болон Хайлброн хот дахь төмсний чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хоршоо болон Шроцберг-т байрлах Райффайзен хоршоологчдийн холбооны үйл ажиллагаатай танилцлаа. Улмаар Монголын талын төлөөлөгчид маань хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг үзэж, судлах сонирхолтой байсан тул бид хөтөлбөртөө Хөдөө аж ахуйн худалдаа, үйлчилгээний тэргүүлэгч аж ахуйн нэгж болох Агравис ХХК-ийн тэжээлийн үйлдвэр болон төмсний бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйг багтаалаа. Төлөөлөгчид маань зочилсон, үзэж танилцсан газар бүрээсээ олон асуулт тавьж, харилцан туршлага, мэдлэгээ хуваалцан, сонирхолтой яриа хэлэлцээг өрнүүлж явлаа.
Ийнхүү ХБНГУ-ын хэмжээнд, Мужийн түвшинд эсвэл хот тойрог дотроо үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, зөвлөх үйлчилгээний байгууллагуудын бүтэц, тогтолцоо, тэдгээрийн чиг үүрэг, үйл ажиллагаа, шинжлэх ухааны шинэ ололт, дэвшилттэй танилцсан аялал маань амжилттай өндөрлөлөө.