Ижил уур амьсгалтай орны газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслийн хүрээнд 2014 оны 4 сарын 10-16 хооронд герман мэргэжилтэн ноён Х. Бунгэ Монгол улсад ажиллаа. Х. Бунгэ нь Герман-Хятадын хамтарсан загвар аж ахуй төслийн удирдагчаар ажилладаг бөгөөд энэхүү төсөл нь Өвөр Монголын Ганхе мужад 2008 оноос хойш амжилттай хэрэгжиж байна. (www.ganhedemofarm.cn)
Ноён Х. Бунгэг Монгол Улсад ажиллах хугацаанд „Ижил уур амьсгалтай орны газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи” сэдвээр сургалт семинарыг Улаанбаатар, Дархан хотуудад 4 сарын 11, 14-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалт семинарын хүрээнд хөрсөнд ээлтэй газар тариалан, эрдэс бордоо ашиглан хөрсний үржил шимийг сайжруулах, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээ зэрэг сэдвүүдийг хөндөж, оролцогсдод өөрийн сайн туршлагуудаасаа танилцууллаа. Ноён Х. Бунгегийн ажилладаг Өвөр Монголын Ганхе мужын байгаль цаг уурын онцлог нь Монгол Улсын газар тариалангийн төвийн бүс нутагтай олон талаараа ижил төстэй байгаа нь бид харилцан туршлага солилцох таатай нөхцлийг бүрдүүлж чадсан юм.
Улаанбаатар, Дархан хотуудад зохион байгуулагдсан тус семинарт нийт 100 гаруй салбарын мэргэжилтэн, газар тариалангийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид оролцож газар тариалангийн шинэ дэвшилтэт арга технологтой танилцлаа.
Ноён Х. Бунге нь Монгол Улсад ажиллах хугацаандаа газар тариалангийн төвийн бүсийн үр тарианы компаниудад газар дээр нь хөрс боловсруулах, хамгаалах, ургамал хамгааллын бодисын хэрэглээний чиглэлээр зөвлөгөө өгч, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй уулзалдан Монгол орны нөхцөл дахь ургамал хамгааллын асуудлаар санал бодлоо солилцлоо. Мөн Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой хөдөө аж ахуй төслийн загвар аж ахуйн нэгжүүдийн талбай дээр очиж үйл ажиллагаатай нь танилцлаа.