“Монгол Улс дахь газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэл” сэдэвт сургалт, семинар амжилттай болж өндөрлөв
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслөөс 2015 оны 4-р сарын 14-24 хооронд Дархан-Уул аймгийн Дархан хот, Орхон аймгийн Эрдэнэт хот , Төв аймгийн Жаргалант, Сэлэнгэ аймгийн Мандал сумдуудад “Монгол Улс дахь газар тариалангийн тогтвортой үйлдвэрлэл” сэдвээр сургалт семинар зохион байгууллаа. Тус сургалтад газар тариалангийн төвийн бүс болох Дархан, Сэлэнгэ, Төв, Орхон, Булган, Архангай аймгийн 100 гаруй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, агрономчид, холбогдох ХАА-н газруудын мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтын зорилго нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд тогтвортой газар тариалан эрхлэхийн давуу талыг ойлгуулах, үр ашгийн харуулах, нөгөөтэйгүүр төслийн 2013, 2014 оны үр тарианы туршилт судалгааны ажлын үр дүнг танилцуулахад оршисон юм.
Төсөл нь туршилт судалгааны ажлынхаа хүрээнд Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт байрлалтай загвар аж ахуйн нэгж, Агрокомплекс ХХК-ийн талбай дээр өнгөрсөн хугацаанд улаанбуудай, рапсын хэд хэдэн сортыг тариалсан бөгөөд ингэхдээ үрийн болон бордооны нормыг олон янзын аргачлалаар туршисан болно. Мөн өөрийн үндсэн чиглэл болох улаанбуудай, тосны ургамал, төмснөөс гадна өнгөрсөн жил Монгол орны нөхцөлд нэн шаардлагатай байдаг шар буурцаг, эрдэнэшиш зэрэг тэжээлийн тарималуудыг тариалсан.
Тус сургалтад оролцогсод маань дээрхи таримлуудыг Монгол орны нөхцөлд хэрхэн амжилттай тариалах, нэгж га талбайгаас авах ургацын хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх мөн үр тарианы хог ургамлын эсрэг хэрхэн тэмцэх талаар дэлгэрэнгүй мэдлэг, мэдээлэл авлаа. Энэхүү сургалт нь хаврын тариалалтын ажил эхлэхийн өмнө зохион байгуулагдсанараа өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.