Монгол улс дахь үр ашигтай, тогтвортой тэжээлийн үйлдвэрлэл
Монгол орны хувьд бэлчээрийн даац хэтэрч, бэлчээр, нутгийн хүрэлцээ жил ирэх бүр багасаж, хүн амын хүнсний хэрэглээ байнга өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Засгийн газраас уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаас гадна эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа билээ. Эрчимжсэн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх нь малын биологийн тогтвортой өсөлтийг хангах, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах, цаашлад малын гаралтай бараа бүтээгдэхүүний импортыг багасгаж, экспортыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн болон байгал экологийн хувьд өндөр ач холбогдолтой юм.
Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх үндсэн нөхцөл нь малын тэжээлийн асуудал байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд тэжээлийн таримал тариалах замаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх, цаашлад газар тариалан болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан эрхлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн тоо улам бүр өссөөр байна.
Энэхүү хэрэгцээ шаардлагыг харгалзан манай төслөөс ХХААЯ, ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монтаримал ХХК, Хөгжил-Агро Консалтинг ХХК-тай хамтран 7-р сарын 07-09-ны хооронд “Монгол улс дахь үр ашигтай, тогтвортой тэжээлийн үйлдвэрлэл”сэдвээр гурван өдрийн сургалт семинар зохион байгууллаа.
Тус сургалтад төвийн бүсийн 4 аймгаас нийт 32 фермер, тариалан эрхлэгчид оролцсон бөгөөд сургагч багшаар ХБНГУ-ын ИАК-Аграрконсалтинг ХХК-ийн зөвлөх хатагтай Б. Штеблов, Монтаримал ХХК-ийн захирал Цогтбуян нар ажилласан бол Майнд Теч ХХК болон ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөгчид илтгэл тавьж оролцлоо.
Сургалтын эхний хэсэгт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эрчимжсэн мал аж ахуйтай хэрхэн хослуулах, техник эдийн засгийн төлөвлөлт, зах зээлийн эрэлт хэрэгцээ, багтаамж, тэжээлийн үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх технологийн чиг хандлага зэрэг олон чухал сэдвүүдийг хөндсөн бөгөөд оролцогч байгууллагуудын бодит жишээн дээр тулгуурлан хөгжлийн боломж, арга замуудын талаар харилцан ярилцаж, туршлага солилцлоо.
Энэ сэдвээр зохион байгуулагддаг сургалт, семинар хангалттай байдаггүй тул Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой Хөдөө Аж Ахуй” төслийг цаашид тэжээлийн үйлдвэрлэлийн сэдвийг үйл ажиллагаандаа түлхүү нэвтрүүлж, энэ чиглэлээр тогтмол сургалт семинар, мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулж цаашлаад ХХААЯ-нд бодлогын зөвлөгөө өгөх чиглэлдээ тусгах саналуудыг оролцогсдын зүгээс тавьж байлаа.