LBV Raiffeisen eG хоршооны гүйцэтгэх захирал Андреас Роор ХАА-н хоршооны талаар хэлэлцүүлэг хийж, хөдөө орон нутагт ажиллаа

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид хоршиж, хамтран ажилласнаар хөрөнгө оруулалт, худалдан авалтын зардал хэмнэх, бүтээгдэхүүнээ илүү олон сувгаар, илүү ашигтайгаар борлуулах, мэргэжлийн ба бусад үйлчилгээнд нэгдсэн журмаар хамрагдах зэрэг төрөл бүрийн боломж, давуу талууд бий болдог. Монгол орны газар тариалангийн салбарт хоршоодын хөгжлийг дэмжих зорилгоор Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс ХБНГУ-ын Шроцберг хотод төвтэй LBV Raiffeisen eG хоршооны гүйцэтгэх захирал Андреас Роорыг богино хугацааны зөвлөхөөр томилж, ХАА-н хоршооны талаарх хэлэлцүүлэгт оролцох, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцох, тариалангийн аж ахуйнуудтай танилцах ажлуудыг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг 8-р сарын 25-нд Улаанбаатар хотод, 8-р сарын 26-нд Зүүнхараад, 8-р сарын 27-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд нийт 38 оролцогчтойгоор зохион байгуулав. А.Роор ХБНГУ-ын Райффайзен хоршоодын бүтэц зохион байгуулалт, хоршооны бизнесийн үйл ажиллагааг төлөвлөх, эрхлэх талаар LBV Raiffeisen eG хоршооны жишээгээр тайлбарлаж, хэлэлцүүлэгт оролцсон тариаланчид, ногоочид, салбарын мэргэжилтнүүд, Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо, Эх булаг Монголын Ногоочдын Холбоо, тариаланчдын хоршоодын төлөөлөлтэй санал солилцов. Түүнчлэн 8-р сарын 28-ны өдөр Монголын ХАА-н Хоршоологчдын Үндэсний Холбооны ерөнхийлөгч Ц.Алтантуяа, “Цэвэр хөрсний шим” дундын хоршооны гүйцэтгэх захирал Х.Доржсүрэн нартай уулзаж, тариаланчдын хоршоодын хөгжлийн талаар санал солилцлоо.

Зөвлөх А.Роор орон нутагт ажиллахад Агромедиа студийн баг дагалдаж, хэлэлцүүлэг, уулзалтуудын сурвалжлага бэлтгэхийн хамт А.Роор болон хэлэлцүүлэгт оролцогчдоос ярилцлага авав. Газар тариалангийн салбарт хоршооллын талаарх ойлголтыг сайжруулах, хоршоодын цаашдын хөгжлийг болон тариаланчид шинээр хоршоо байгуулах санаачлагыг дэмжих зорилгоор эдгээр ярилцлагуудыг олон нийтэд хүргэнэ.

Go back