Практикт суурилсан техникийн сургалтууд

Төв аймаг, Архуст сум 2014-07-29

Техник мэргэжлийн ажиллагсадаа орчин үеийн дэвшилтэт машин техникийг үр ашигтайгаар ашиглах, жолоодох ур чадварт суралцуулах нь өнөө үед газар тариалангийн чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа ААН-ийн хувьд чухал сэдвүүдийн нэг болоод байна. Орчин үеийн өндөр хүчин чадалтай техник нь улам бүр “ухаалаг”  болж, энэхүү “ухаалаг” техникийг ажиллуулж, ашиглаж сурах нь салбарын техник мэргэжлийн хүмүүсийн хувьд том сорилт болж байна. Тийм ч учираас Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой ХАА” төслийн үйл ажиллагааны үндсэн нэг зорилт нь салбарын боловсон хүчнийг практикт суурилсан сургалтуудаар дамжуулан чадавхжуулах явдал юм.

Дээрхи зорилтын хүрээнд манай төслөөс 2014 оны 7 сарын 27-оос 8 сарын 01-ны хооронд Төв аймгийн Архуст, Угтаалцайдам, Сэлэнгэ аймгийн Хушаат суманд ХАА-н дэвшилтэт машин тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын талаар практикт суурилсан талбайн сургалтуудыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтын сургагч багшаар ХБНГУ-даа ХАА-н чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх сургалтын байгууллагуудын нэг болох “ДОЙЛА Нинбург”-ын туршлагатай сургагч багш ноён Ролф Зийлинг ажиллаа. (www.deula-nienburg.de)

Энэ удаагийн сургалтын гол сэдвүүд нь: хор цацагч машин тоног төхөөрөмжийн техникийн үндсэн ойлголтууд, ургац хураах машин, тоног төхөөрөмжийн ашиглалт, технологийн ажиллагаа, тохиргоо, ажлын талбар дээрх гэмтлийг арилгах, тоног төхөөрөмжийн асаалтын системийн ажиллагаа, цахилгаан үүсгүүрийн ажиллагаа, хөдөлгүүрийн систем, түлшний электрон удирдлагын талаарх ойголт зэрэг байлаа. Мөн ХААИС-ийн Инженерийн сургуулийн багш судлаачид тракторын хүч хэмждэг багаж хэрхэн ашиглах талаар үзүүлэх сургалт хийлээ.

Энэхүү сургалтад Төв, Сэлэнгэ аймгийн нийт 70 орчим техник мэргэжлийн ажиллагсад хамрагдлаа. Энэхүү сургалтыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ХААИС, Элит-Үр ХХК, Агрокомплекс ХХК-ын хамт олонд төслийн зүгээс талархаснаа илэрхийлж байна.

Go back