„Талбайн үзлэг, үрийн болон таримал үржүүлгийн талбайн хянан баталгаа“ сэдэвт сургалт

ХХААҮЯ, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон газар тариалангийн аж ахуйн нэгжүүд Монгол орны тариалангийн бүсүүдэд таримал ургамлын үр үржүүлгийн ажлыг эрчимжүүлэхийг зорин ажиллаж байгаа билээ. ХХААҮЯ-наас энэ жил үр тарианы үр үржүүлэх зөвшөөрлийг 10 аж ахуйн нэгжид олгоод байна. Төмсний таримлын үр үржүүлгийн ажлыг тэргүүлж буй аж ахуйн нэгжийн нэг бол Элит үр ХХК юм. Энэ хүрээнд Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс үр үржүүлэг, сорт сорилтын салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлуудыг эхлүүлээд байна. Төсөл нь энэ удаад ХХААХҮЯ, УГТХ-тэй хамтран 2017 оны 07 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Үрийн ба таримал үржүүлгийн талбайн үзлэг” сэдвээр хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.

ХБНГУ-ын Нийдерсахсен мужийн Хөдөө аж ахуйн танхимын Үр ба таримлын хянан баталгааны албаны дарга ноён Вилли Тийл сургалтанд оролцсон мэргэжилтнүүдэд төмс, үр тарианы үр үржүүлгийн талбайд хийгддэг үзлэг хяналтын үйл явцын тухай мэдээллийг ХБНГУ-ын Нийдерсахсен мужийн жишээн дээр танилцуулж, чанар сайтай, өндөр үнэ цэнэ бүхий хянан баталгаажсан үр гарган авахын тулд мэргэжлийн зүгээс талбайн үзлэгийг хэрхэн нягт нямбай хийх талаар заалаа. Үүнээс гадна хатагтай проф. Я.Мягмарсүрэн УГТХ-ийн таримлын селекцийн ажлын шинэхэн үр дүнг танилцуулав. Доктор С.Батболд ХБНГУ-ын Носсен, Ханновер дахь Холбооны сортын агентлаг дээр хэрхэн мэргэжлээ дээшлүүлсэн тухай мэдээлэл өглөө. МХЕГ-ын таримал ургамлын үр, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам Монгол улсад үрийн хянан баталгаа хэрхэн хийгдэж байгаа талаар танилцуулга илтгэл тавив.

Илтгэлүүдээс гадна Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл ба УГТХ семинарт оролцогсдод зориулан Үр тариа, төмсний үржүүлгийн талбайн сургалтыг зохион байгуулж, танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ бататгах боломж олголоо. Сургалтанд УГТХ-ийн үр үржүүлгийн чиглэлийн судлаачид, аймгийн ХАА-н газрын мэргэжилтнүүд, агрономчид, үр үржүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, МХЕГ-ын үр үржүүлгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа. Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн зүгээс ноён Тийлтэй ялангуяа Монгол улсын мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтран ажиллахыг зорьж байна.

Go back