“Үрийн төмсний чанарын хяналт” онол, практик хосолсон сургалт
Таримал ургамын үрийн хянан баталгаажуулалтын тогтолцоог сайжруулж, хянан баталгаажуулалтыг найдвартай хийх нь газар тариалан эрхлэгчдийн хувьд олон жил эрүүл, найдвартай үрээр тариалах үндэс, цаашилвал хэрэглэгчдийг эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр хангах чухал ач холбогдолтой юм.
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс ХХААХҮЯ, МХЕГ, УГТХ, Дархан-Уул Аймгийн ХХААГ, “Элит үр” ХХК-тай хамтран 2019 оны 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Дархан-Уул аймагт “Үрийн төмсний чанарын хяналт” сэдэвт сургалтыг таримал ургамлын үрийн чанарын хяналтын байцаагчид, агрономичид, ЭША-нуудад зориулан зохион байгууллаа.
Сургалтын хөтөлбөрийг тус төслөөс ХБНГУ-ын Нийдерзахсен мужийн ХАА-н танхимийн Таримал ургамлын үр хянан баталгаажуулах төв, МХЕГ, УГТХ-ийн эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан ба сургалт нь онол, практик хослуулсан байдлаар зохион байгуулагдсан нь онцлогтой боллоо. Эхний өдрийн танхимын сургалтаар Монгол орны үрийн төмсний чанарын хяналт, төмсний өвчний гадаад шинж тэмдгийн илрэл, өвчин үүсэх шалтгаан, оношлох арга, төмсний эрүүл үр үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи зэрэг чиглэлээр МХЕГ-ын байцаагчид, УГТХ-ийн эрдэмтэд, судлаачид танилцуулга хийлээ. Тус сургалтын олон улсын зөвлөх, сургагч багшаар ХБНГУ-ын Нийдерзахсен мужийн ХАА-н танхимийн Таримал ургамлын үр хянан баталгаажуулах төвийн дарга Вилли Тийл ажилласан ба тэрээр өнгөрсөн жилүүдэд Монгол улсад удаа дараалан ирж ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.
Ноён Вилли Тийл энэ удаад Германы үрийн төмсний хяналтын эрх зүйн баримт бичиг, түүний хэрэгжилт, үрийн төмсний чанарын хяналт /дээж авах, үрийн төмсний булцууны өвчлөл, гэмтлийг илрүүлэх/ чиглэлээр оролцогчдод хичээл заасан бөгөөд энэхүү мэдлэгийг Сэлэнгэ аймгийн Хушаат суманд байрлалтай Элит-Үр ХХК-ийн талбайд хийсэн үзүүлэх сургалтаар баталгаажууллаа. Сургалтад Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Орхон, Булган аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудын мэргэжилтнүүд, агрономчид, МХЕГ-ын байцаагчид, тариалан эрхлэгчид зэрэг 40 гаруй хүмүүс хамрагдлаа. Тус сургалтыг ургац хураалтын өмнө зохион байгуулсан нь энэ чиглэлийн мэдээлэл авах, туршлага судлахад цаг хугацааны хувьд тохиромжтой байсан ба оролцогчдын идэвх оролцоо өндөр, харилцан мэдлэг туршлага солилцсон, мэргэжлийн яриа хэлэлцээ өрнөсөн өдрүүд байлаа. Сургалтад оролцогчдын зүгээс сургалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, Германы үрийн төмсний хянан баталгаажуулах тогтолцоо, үйл явц, зарим туршлагыг манайд нэвтрүүлэх өндөр ач холбогдолтой болохыг дурьдаж байлаа.