Сэлэнгэ аймгийн Мандал сумын газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулагдав
Монгол Улсын хамгийн олон хүн амтай Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-аас Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөний зорилго нь үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийг мэдлэг, мэдээллээр хангах, тариалангийн талбайн ашиглалт, хэмжилтийн талаар нэгдсэн ойлголт өгөх, иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээгээ шинэчлэхэд оршиж байлаа. Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ: ... Төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлагдсан, Атар-III аяныг үргэлжлүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, Тариалангийн тухай хуулийн шинэчлэгдсэн. Үүнтэй холбогдуулан тариалан эрхлэгчдийн эрх үүрэг шинэчлэгдсэн. Тухайлбал, ААН-үүд хөдөө аж ахуйн инженер, агрономичтой байх, талбайн түүх хөтлөх, хөрсний үржил шимийг сайжруулах зэрэг чухал үүргүүд нэмэгдсэн болохыг дурдлаа. Мандал сум 2016 оны байдлаар, нийт 26 880 хүн амтай, 17,9 мянган га газар тариалангийн талбайтай, 1283 өрх, 56 аж ахуйн нэгж байгууллага тариалалт хийж 6 633 га-аас 8 241 тн үр тариа, 602 га-аас 6 729 тн төмс, 430 га-аас 6 678 тн хүнсний ногоо хураасан байна.
Энэ жилийн зөвлөгөөний агуулга нь тариалангийн талбайн хөрс хамгаалал, зохистой ашиглалт сэдвийн хүрээнд багтсан бөгөөд зөвлөгөөнд ХААИС, УХХ, УГТХ-ийн эрдэмтэд дээрх сэдвээр илтгэл, танилцуулгуудыг хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Тус агуулга нь “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн үндсэн чиглэлтэй тохирч байгаа учир Мандал сумын ЗДТГ-ын хүсэлтийн дагуу “Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд ногоон бордуурт уриншийн нөлөө” сэдвээр танилцуулга хийлээ. Уг судалгааны ажил нь Монгол орны усалгаатай төмсний талбайд үйлдвэрлэлийн хэмжээнд таримлын сэлгээг анх туршиж буй ажил бөгөөд цаашид тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд сайн туршлагыг дэлгэрүүлэх чухал ажил юм.
МУ-ын гавьяат агрономич, доктор, профессор Б.Дорж багш залуу тариаланчдад туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр талбайд өндөр гуурс үлдээвэл өвөл цас илүү тогтдог, хур тунадас багатай жил 2 удаа, хуртай жил 3 удаа хавж боловсруулалт хийх, техникийн тохиргоог сайн хийхгүйгээр чанартай уринш хийж чадахгүй, борооноос гадна нэмэгдэл чийг болох манан, шүүдрийг ашиглаж сурах, ургамлын хэрэгцээт үед нь хоол тэжээлээр хангаж байхыг сургаж байлаа. Сургалтын төгсгөлд сумын ЗДТГ-аас газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууддаа хаврын тариалалтаа технологийн дагуу цаг хугацаанд нь, чанартай гүйцэтгэж, намар арвин их ургац хураахын ерөөлийг дэвшүүлснээр энэ удаагийн зөвлөгөөн өндөрлөлөө.