Сэлэнгэ, Орхон аймагт Монголын ногоочдын холбооны салбар 2024 онд шинээр байгуулагдлаа
“Эх булаг” Монголын ногоочдын холбоо ГҮТББ байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд 2024 онд дараах тэргүүлэх чиглэлд төвлөрөн ажиллаж байна. Үүнд, Хүнсний ногооны цахим худалдааны нэгдсэн платформ, хүнсний ногооны ложистикийн төв байгуулах, дундын хоршоо байгуулах төслүүдийг санаачилж, захиалгат тариаланг хөгжүүлэх, байгууллагын худалдан авалтад ногоочдыг тус холбоогоор дамжуулан нэгдсэн сувгаар хамруулах, ногоочдын хоршоодыг чадавхжуулах, ХАА-н зохистой дадлын (ХААЗД) баталгаажуулалтад төв ба салбар холбоодыг оролцуулах мөн чанарын баталгаажуулалтын тогтолцоо бий болгохыг зорьж байна. Улмаар ногоочдыг дадлагажуулах хөтөлбөрийг БНСУ, Герман улсын холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилготой.
Холбооноос санаачилсан ажлуудыг аль болох олон ногоочдод хүргэх, орон нутгийн ногоочдын санал санаачилгыг дэмжих, төр засгийн байгууллагуудтай холбосон гүүр болж ажиллах салбар холбоод аймгуудад байгуулагдаж эхлээд байна. Тухайлбал, 2023 онд Ховд аймагт, 2024 оны 3 дугаар сард “Хоймор ургац” Сэлэнгийн ногоочдын холбоо, “Хөрсний шим” Эрдэнэтийн ногоочдын холбоод шинээр байгуулагдлаа. Шинэ салбар холбоодыг байгуулахад дэмжин ажилласан Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б. Мөнхтөр, Орхон аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзий нарт, “Эх булаг” Монголын ногоочдын холбоо, хамтран ажилладаг "Тогтвортой Хөдөө Аж Ахуй төсөл"-ийн зүгээс талархал илэрхийлье.