Танилцах аялал - “Агритехника 2015”

Claas Stand -Agritechnica 2015

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2015 оны 11 сарын 07-14 хооронд ХБНГУ-д “Танилцах аялал” зохион байгууллаа. Энэхүү танилцах аялал нь хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн хамгийн том үзэсгэлэн яармаг болох АГРИТЕХНИКА 2015-ын үеэр зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Энэхүү аялалд ХХААЯ, ХААИС, төсөлтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл болсон арав гаруй албаны хүмүүс оролцлоо.

Тус аялалын хүрээнд Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хоёрдугаар үе шатны талаарх зөвлөлдөх уулзалт Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр зохион байгуулагдаж, ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М. Ариунболдоор ахлуулсан яамны төлөөлөгчид оролцлоо. Мөн уулзалтын үеэр ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц. Болор, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д. Баттөр нар байлцлаа. Тус уулзалтаар өнгөрсөн оны үйл ажиллагаа, төслийн үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ, төслийн дараагийн шатны талаар харилцан санал солилцлоо. Тогтвортой хөдөө аж ахуй төслийн эхний үе шат нь 2016 оны 3 сар дуустал үргэлжлэх бөгөөд төслийг 2016 оны 4 сараас эхлэн 2,5 жилээр сунгахаар шийдвэрлэв. Төслийн дараагийн үе шатанд талууд: хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, үр сортын эрхзүйн орчинг сайжруулах мөн хөрсний үржил шимийн үзүүлэлтүүдийг тогтворжуулах арга хэмжээг төрийн бодлогод тусгах гэсэн үндсэн гурван чиглэлээр хамтран ажиллах зөвшилцөлд хүрлээ.

Аялалын дараагийн өдрүүдэд төлөөлөгчид маань хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн хамгийн орчин үеийн шийдлүүд, ололт амжилтууд, газар тариалангийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлдог АГРИТЕХНИКА 2015 үзэсгэлэн яармагийг үзэж сонирхолоо. Энэхүү үзэсгэлэн яармаг нь ХБНГУ-ын Ханновер хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн яармагт дэлхийн 52 орноос 2900 гаруй хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг компаниуд оролцож хамгийн сүүлийн үеийн ухаалаг техник, технологийн шийдлүүдийг дэлгэн харууллаа. Үзэсгэлэн яармагийн үеэр төлөөлөгчид Клааз, Лемкен, Гриммэ, NEUERO зэрэг техник үйлдвэрлэгчдийн стэнд дээр зочилж, шинэ техник тоног төхөөрөмжтэй танилцан, харилцан ажил хэрэгч яриа өрнүүллээ. Мөн эдгээр компаниудыг Монголд албан ёсоор төлөөлөн ажилладаг Аммак ХХК-ийн удирдлагуудтай уулзалдлаа.

Үүний дараагаар төлөөлөгчид Харзевинкел хотод байрлах Клааз ХХК-ын төв үйлдвэрээр зочилж, үйлдвэрийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжтэй танилцлаа.

Аялалын сүүлийн өдөр ХБНГУ-даа хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх байгууллагуудын нэг болох Дойла Нийнбург сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Дойла Нийнбург нь манай төслийн чухал хамтрагч байгууллагуудын нэг бөгөөд өнгөрсөн хугацаанд газар тариалангийн тоног төхөөрөмжийн мэргэжилтнүүд бэлтгэх тал дээр бид олон арван ажлуудыг хамтран хийж гүйцэтгэсэн.

Энэхүү аялалыг зохион байгуулахад бидэнтэй хамтран ажилласан ИАК, ГФА, Аммак ХХК-ын хамт олонд аялалд оролцсон төлөөлөгчдийн өмнөөс гүн талархалаа илэрхийлье.

Go back