Танилцах аялал - “Агритехника 2017”
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2017 оны 11 сарын 13-17 өдрүүдэд ХБНГУ-д “Танилцах аялал” зохион байгууллаа. Энэхүү танилцах аялал нь хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн хамгийн том үзэсгэлэн яармаг болох АГРИТЕХНИКА 2017-ын үеэр зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо. Энэхүү аялалд ХХААХҮЯ, ТЭДС, Монгол улсын Хөгжлийн банк болон төсөлтэй хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Төлөөлөгчид тус үзэсгэлэн яармагийн үеэр Лемкен, Клааз, Гриммэ зэрэг техник үйлдвэрлэгчдийн стэнд дээр зочилж, шинэ техник тоног төхөөрөмжтэй танилцан, харилцан ажил хэрэгч яриа өрнүүлснээс гадна санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж ХАА-н машин, техник тоног төхөөрөмжийн лийзийнгийн үйлчилгээний талаар мэдээлэл авлаа. Мөн ХАА-н машин тоног төхөөрөмжийн дундын төвийн үйл ажиллагаатай танилцсан нь төлөөлөгчдийн сонирхолыг ихээр татаж байлаа. ХАА-н машин тоног төхөөрөмжийн дундын төвийн стэнд дээр тус холбооны Ерөнхийлөгч Леонхард Ост төлөөлөгчдийг хүлээн авч холбооны бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Аялалын сүүлийн өдөр ХБНГУ-даа хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх байгууллагуудын нэг болох Дойла Нийнбург сургалтын төв, ХАА-н тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Ийнхүү тус аяллын хүрээнд Монголын талын төлөөлөгчид олон арван харилцаа холбоо шинээр тогтоон, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн хамгийн орчин үеийн шийдлүүд, ололт амжилтуудын талаар олон чухал мэдээлэлтэй буцлаа.
Энэхүү аялалыг зохион байгуулахад бидэнтэй хамтран ажилласан Аммак Монгол ХХК-ын хамт олонд аялалд оролцсон төлөөлөгчдийн өмнөөс гүн талархалаа илэрхийлье.