“Тариаланчдад мэргэжлийн суурь, ахисан шатны мэдлэг олгох сургалтын бүтэц, агуулга, зохион байгуулалт” сэдэвт хэлэлцүүлэг
Монгол орны хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь тариаланчдыг мэдлэгжүүлэх, чадавхжуулах асуудал юм. Хэдийгээр МСҮТ, ХААИС зэрэг боловсролын байгууллагууд хөдөө аж ахуйн техник машин механизмын инженер, агрономч зэрэг мэргэжлүүдээр залуу боловсон хүчин бэлдэж байгаа хэдий ч төгсөгчдийн ур чадвар сул, практик туршлага дутмаг байдгаас гадна төгсөгчид нь төгссөн мэргэжлээрээ салбартаа ажиллахгүй байгаа дүр зураг ажиглагдаж байна. Түүнчлэн, тариалангийн аж ахуйн нэгжүүдийн ажиллагсад, аж ахуйн нэгжийн эзэд өөрсдөө мэргэжлийн бус, ондоо салбараас орж ирсэн байх нь элбэг тохиолддог.
Тийм ч учираас Тогтвортой Хөдөө аж ахуй төсөл нь анх хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад ихээхэн анхаарал хандуулж ирсэн. Салбарын боловсон хүчин, мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлынхаа хүрээнд төсөл нь “ Үр тариа, тос, тэжээлийн ургамлын тариалан эрхлэгчдэд зориулсан тариалангийн зохистой дадал эзэмшүүлэх тухай” сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсрууллаа. Энэхүү төлөвлөгөөг танилцуулах зорилгоор төсөл нь ХХААХҮ-ийн судалгаа хөгжлийн төвтэй хамтран 2020 оны 10 дугаар сарын 22-нд дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус уулзалт, хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ХААИС, МҮТХ, аймгуудын ХХААГ-ын мэргэжилтнүүд, ерөнхий агрономчид мөн тариалан эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Уулзалт хэлэлцүүлгийг Герман-Монголын хамтын ажиллагааны Тогтвортой Хөдөө аж ахуй төслийн мэргэжилтэн Др. Эрдэнэболор, ХХААХҮ-ийн судалгаа хөгжлийн төвийн Инноваци, зөвлөх үйлчилгээний хэлтсийн дарга С.Нанднинцэцэг нар чиглүүлж ажиллалаа. Оролцогчид хэлэлцүүлгийн үеэр тус сургалтын концепт-д агуулгын хувьд нэмж оруулах саналуудаа өгсөн ба хамгийн гол нь тус концепт-г хэрэгжүүлж, ажил хэрэг болгоход сургалтыг хэрхэн албажуулах вэ, гүйцэтгэгч байгууллага нь хэн байх вэ, сургагч багшийг ямар шалгуураар хэрхэн сонгон шалгаруулж авах вэ, сургалтын материал, сургалт зохион байгуулах логистикийн асуудлууд, сургалтын төсөв, санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ зэрэг зохион байгуулалтын асуудлууд дээр төвлөрч ажилласан ба оролцогчдын зүгээс олон сонирхолтой, ажил хэрэгч санал санаачлагууд гаргасан, үр дүнтэй уулзалт хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Эдгээр санал санаачлагуудыг нэгтгэн, дараа дараагийн шатны байгууллагуудад танилцуулах, ажил хэрэг болгох асуудлыг төслийн зүгээс хариуцан ажиллахаар боллоо.