Тариаланчдын улсын зөвлөгөөн боллоо
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Тариаланчдын улсын зөвлөгөөн 2017” үйл ажиллагааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд тариалан бүхий аймаг, сумдын Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, олон улсын донор байгууллагууд, төсөл, хөтөлбөрүүд, салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, тариаланчид, ногоочдын төлөөлөл болох 500 гаруй оролцогчид хамрагдлаа.
Зөвлөгөөнөөр Газар тариалангийн талаар төрөөс баримталж буй бодлого, шинээр боловсруулж буй “Тариалангийн даатгалын тухай” хуулийн үзэл баримтлалын болон хуулийн төслийн танилцуулга, шинэчлэн боловсруулж буй Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн төслийг танилцуулж, оролцогчдоос санал авлаа.
Түүнчлэн 2017 оны дулааны улирлын ерөнхий төлөв, Хөрс, уур амьсгалын өөрчлөлт, тариалалтын технологийн ерөнхий зөвлөмж, таримлын тохирсон сорт сонголт, хөрсний төлөв байдлын иж бүрэн шинжилгээ хийлгэх, бордооны болон ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөдөө аж ахуйн техникийн сонголт, шинэчлэлийг хийхэд анхаарах асуудууд, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэж буй өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцуулга сонгож, асуулт, хариулт, хэлэлцүүлэг өрнүүлсэн болно.
“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн нэг чиглэл нь тариалангийн талбайн хөрс хамгаалал, тогтвортой ашиглалт юм. Энэ хүрээнд “Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд ногоон бордуурт уриншийн нөлөө” сэдвээр хийж буй судалгааны ажлын үр дүнгээс танилцууллаа. Уг судалгааны ажлыг Сэлэнгэ аймгийн Хушаат сумд байрлалтай “Элит-Үр” ХХК-ийн талбайд УХХ-ийн доктор И.Отгонбаатар, доктор С.Нямжав, докторант У.Алтангэрэл нар ТХАА төсөлтэй хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол орны усалгаатай төмсний талбайд үйлдвэрлэлийн хэмжээнд таримлын сэлгээг анх туршиж байгаагаараа онцлог юм. Шинэчлэн найруулагдсан Тариалангийн тухай хуульд аж ахуйн нэгжүүдэд тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах, сэлгэн тариалалтыг нэвтрүүлэхийг үүрэг болгосон. Судалгааны ажлын үр дүн, зөвлөмжийг тариаланчид авч ашиглах бүрэн боломжтой.
Энэ жилийн байгаль, цаг уурын төлвийн талаар хашир тариаланчид ихээхэн болгоомжтой хандаж байгаа бөгөөд 5 сарын 15-18-ны үед тариалалтаа хийж, 5 сарын сүүлийн 10 хоногийн хүйтрэлийг эрсдэл багатай давахыг зорьж байна. Түүнчлэн 6, 7 дугаар саруудад олон жилийн дунджаас илүү халах төлөвтэй байгаа зэрэг олон сорилууд тариаланчдын өмнө хүлээж байна. Зөвлөгөөн зохион байгуулагчдын зүгээснийт тариаланчиддаа хаврын тариалалтынажилд нь амжилт хүсч, эрдэмтэн судлаачдын зөвлөмжөөс тохирохыг нь авч ашиглахыг зөвлөж, намар арвин их ургац хураахын өлзийтэй ерөөлийг дэвшүүллээ.