Тариалангийн аж ахуйн хөгжлийн төлөвлөлт, үнэлгээ
Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслөөс 2013 оны 12 сарын 03-06-ны хооронд “Тариалангийн аж ахуйн хөгжлийн төлөвлөлт, үнэлгээ” сэдвээр Дархан, Улаанбаатар хотуудад тус бүр хоёр өдрийн сургалт семинар зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтын зорилтот бүлэг нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжийн удирдах түвшиний захирал менежерүүд байсан бөгөөд нийт 35 аж ахуйн нэгжийн төлөөлөгчид хамрагдлаа.
Энэхүү сургалтын сургагч багшаар Хөгжил Агро ХХК-ийн захирал ноён др. Б. Эрдэнэболор мөн ИАК Аграрконсалтинг ХХК-ийн мэргэжилтэн хатагтай Б. Штеблов нар ажиллаа.
Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгардаг гол бэрхшээлүүд болох тариалангийн аж ахуйн хөгжлийн боломжууд, техник эдийн засгийн төлөвлөлт, зах зээлийн эрэлт хэрэгцээ, багтаамж, газар тариаланг тогтвортой эрхлэх технологийн чиг хандлага зэрэг нэн чухал менежментийн сэдвүүдийг энэхүү сургалтын үеэр хөндсөн бөгөөд оролцогч байгууллагуудын бодит жишээн дээр тулгуурлан хөгжлийн боломж, арга замуудын талаар харилцан ярилцаж, туршлага солилцсоноороо бусад сургалтуудаас онцлог боллоо.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү сургалтын үеэр газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсож, тэдний хөгжлийн цаашдын чиг хандлагатай танилцаж мөн төсөлтэй цаашид хэрхэн хамтарч ажиллах боломжын талаар санал солилцлоо.