Тариалангийн даатгалын чиглэлээр зөвлөх Др. Лайф Хаймфарт Монгол Улсад ирж ажиллалаа
Монгол орны нөхцөлд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх нь байгаль цаг уураас шууд хамааралтай, эрсдэл өндөртэй салбар юм. Гэсэн хэдий ч 2016 оны эцсийн байдлаар, тус салбарт үр тарианы 1200 гаруй, төмс, хүнсний ногооны 370 гаруй аж ахуйн нэгжүүдэд, иргэд хувиараа өрхийн хэмжээнд түр болон байнгын ажлын байранд 111,6 мянган тариаланчид, ногоочид ажиллаж байна.Эдгээр иргэдийн амьжиргаанд тэдний үйлдвэрлэлийн тогтвортой байдал чухал нөлөөтэй. Энэ тогтвортой байдал, эрсдлийг бууруулах санхүүгийн систем нь газар тариалангийн даатгал тогтолцоо юм. Тариалангийн тухай хуульд газар тариалангийн үйлдвэрлэлийг даатгалд хамруулах асуудлыг холбогдох хуулиар зохицуулахаар заасан бөгөөд Тариалангийн даатгалын тухай хуулийн үзэл баримтлалын төсөл болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ хүрээнд олон улсын тариалангийн даатгалын тогтолцоог судалж, хуулийн үзэл баримтлал, төсөл боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд 2016 оны 11 сард ХБНГУ-д дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг айлчлан германы даатгалын тогтолцоотой газар дээр нь очиж танилцан туршлага судалсан. Германы даатгалын байгууллагуудтай уулзаж, ажил хэргийн холбоо тогтоосны нэг нь “Ханновер Ре” ХК бөгөөд тус компанийн төлөөлөгч Др. Лайф Хаймфарт 04 сарын 09-12-ны хооронд Монгол Улсад ажиллалаа.
Тэрээр СЯ, ХХААХҮЯ, СЗХ, ХААДД ХК, Ажлын хэсгийн гишүүд, тариалан эрхлэгч ААН-үүд болон монголын даатгалын компаниудын төлөөлөлтэй уулзаж, олон улс дахь даатгалын тогтолцоо, туршлагын талаар танилцуулж, манай оронд ямар даатгалын тогтолцоо байх нь зохимжтой талаар зөвлөж, харилцан санал солилцлоо. Манай орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, тариалангийн талбайнууд тархай байршсан, хур тунадас харилцан адилгүй унадаг, цаг уурын станцууд цөөнтэй зэргээс шалтгаалан тохирох тариалангийн даатгалын бүтээгдэхүүн хэрэгцээтэй байна. Өнгөрсөн 2016 онд ХААДД ХК буудайн уламжлалт даатгалын бүтээгдэхүүнийг Сэлэнгэ, Төв аймгийн 10 сумын тариалан эрхлэгчдэд санал болгосноос зөвхөн 1 компани гэрээ байгуулж, хураамжаа төлж даатгуулсан байна. Үүнээс үзэхэд, даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэх санхүүгийн зөв хөшүүрэг шаардлагатай байна.
Др. Лайф Хаймфартын зөвлөж буйгаар олон улсад нэвтрээд буй индексжүүлсэн тариалангийн даатгал манай орны нөхцөлд тохиромжтой бөгөөд үүнд эхний ээлжинд төрөөс санхүүгийн бодлогоор дэмжиж эхлүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, даатгалын хураамжийн 50-иас доошгүй хувийг төрөөс санхүүжүүлэх шаардлагатай байна. Энэ нь эргээд газар тариалангийн салбарыг байгалийн гамшигт үзэгдлээс хамгаалах хамгаалалт, аж ахуйн нэгж, тариаланч, ногоочдыг санхүүгийн эрсдэл, ажилгүйдлээс хамгаалах хамгаалалт болох бөгөөд өргөн хүрээнд авч үзвэл улс орны эдийн засгийг тогтвортой байхад чухал нөлөөтэй юм. Тариалангийн даатгалыг хэрэгжүүлснээр өөр олон эерэг үр дагавартай. Даатгалд хамрагдсан ААН, иргэд банк болон санхүүгийн байгууллагаас зээл авах, эргээд зээлээ хугацаанд нь төлөхөд даатгал баталгаа болно, түүнчлэн хөдлөх хөрөнгө барьцаалах зээл авахад даатгуулсан байх нөхцөл тавигдах нь мэдээж юм.
Цаашид ажлын хэсэг Тариалангийн тухай хуулийн үзэл баримтлалын төсөл болон хуулийн төслөө боловсруулж, шат шатанд хэлэлцүүлж, батлуулж, хэрэгжилтийг хангаж ажиллах болно. ХААДД ХК эхний ээлжинд туршилтын зорилгоор тариалангийн уламжлалт болон индексжүүлсэн даатгалын бүтээгдэхүүнийг санал болгоно. Тариалангийн үйлдвэрлэлд индексжүүлсэн даатгалыг нэвтрүүлэх ажлын бэлтгэл хангах ажлууд олон бий. Тухайлбал, цаг уурын станцуудын тоог нэмэгдүүлэх, сансарын хиймэл дагуулын мэдээг боловсруулах ажлыг эхлүүлэх, түүнд шаардлагатай техник болон програм хангамжийг шийдвэрлэх, ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг чадавхижуулах гэх мэт төлөвлөх, хийх ажлууд байна.
Дээрх ажлуудыг амжилттай хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд хийгдэх нэг ажил бол тариаланч, ногоочид, иргэдийн даатгалын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутагт даатгалын салбаруудад ажиллагчдын агрономийн мэдлэг чадварыг сайжруулах нь амжилттай ажиллах үндсэн хөрс нь болох болно.
Мэдээ бэлтгэсэн : Ц.Гомбожав